Өнгөрөгч баасан гаргийн 19.10 цаг орчимд нийслэлийн цөөнгүй байршилд цахилгаан тасарч, олон мянган айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага нэг цаг орчмын хугацаанд хэрэглээгээ хязгаарлуулж, гэрэл, дулаангүй болов. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан Хэрэглэгчийн төвийн 7004 7004 дугаарын утсаар холбогдож, цахилгаан тасарсан шалтгааныг тодруулсан иргэдэд “ДЦС-4”-т гэмтэл гарсан. Засаж байна. Багадаа 2-3 цаг болно” гэсэн хариу өгч байв. Гэтэл зарим хотхон, хорооллын СӨХ, орон сууцын конторынхон оршин суугчдадаа “Эрчим хүчний чадлын дутагдалд орж, онц байдал үүссэнтэй холбоотойгоор “Диспетчерийн үндэсний төв”-өөс цахилгаан хязгаарласан тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу” хэмээн анхааруулсан юм. Хачирхалтай нь, бүхэл бүтэн цаг хэртэй хугацаанд нийслэлийн олон өрх цахилгаангүй болж, унд хоол, ус, дулаанаа хязгаарлуулж, хохироод байхад Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС, “ДЦС-4” ТӨХК зэрэг холбогдох байгууллагын аль нь ч албан ёсны тайлбар мэдээлэл өгсөнгүй, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчсөнгүй. Уг нь эдгээр байгууллага эрчим хүчний тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангах нэгдсэн үүрэг хүлээдгийн хувьд хэрэглэгчдэдээ үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй өгөх учиртай.
Ид хүйтэн эхлээгүй, эрчим хүчний оргил ачааллын бус цагаар ийнхүү цахилгаан тасарсан нь зохион байгуулалттай, далд зорилготой гэж хардах хүн цөөнгүй байна. “Хэрэглээг чинь хязгаарлахаас аргагүй нөхцөл байдалд хүрсэн шүү” гэдэг сануулга, дохиог зохиомлоор ч атугай өгч байгаад, реформ хийх нэрийн дор будилаантай ажлуудаа урагшлуулах гэсэн оролдлого хэмээн олон нийт сэрдэж буй. Үүний маргааш нь болсон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг аврагчийн дүрээр тодруулах гэсэн санаатай үйлдэл ч гэж үзэх хүн олон байв. Аль аль нь ч байхыг үгүйсгэхгүй. Нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй нүүр тулсан аливаа ажлыг гүйцэлдүүлэхдээ айдсаар удирдах арга ашигладаг нь, томоохон төсөл, хөтөлбөрийн нээлт, шав тавих ёслол угтаж өөрсдийгөө тодруулах элдэв жүжиг тоглодог нь манай сайд, дарга нарын гэм биш зан юм хойно, тийм байх магадлалтай. Харин нэг л зүйл баттай байгаа нь 2024-2025 оны өвөл нийслэлчүүд ийм байдлаар илүү олон удаа цахилгаанаа таслуулна, энэ удаагийнх трилер төдий үйл явдал гэдэг нь юм. Салбарын удирдлагууд нь ч эртнээс нүхээ малтаад, ирэх өвөл хэцүүднэ гэдгээ хэлээд, бэлэн байдлаа хангахыг нийслэлчүүдэд анхааруулчихсан шүү дээ.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх саяхан болсон нэгэн хэлэлцүүлгийн үеэр “Энэ өвөл нийслэлд оргил ачааллын үеэр 80 хүртэлх МВт-аар цахилгаан хязгаарлах төлөвтэй” гэж мэдэгдсэн. Үүнийгээ дэлгэрүүлж “17.00-21.00 цагийн хооронд ачаалал 20-30 хувиар нэмэгдээд, бусад үед тогтворждог. Өвлийн их ачааллаас өмнө эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 200 МВт-аар нэмнэ. Гэсэн ч оргил ачааллын үеэр хэрэглээ нь хүчин чадлаас давна. Урьдчилсан тооцооллоор 2024-2025 оны өвлийн оргил ачааллын цагт 70-80 МВт-ын дутагдал үүсэх төлөвтэй. Энэ тохиолдолд хязгаарлалт хийнэ. Ингэхдээ заавал урьдчилан мэдэгдэж цахилгаан хязгаарлана” хэмээн ярьсан. Харин эрчим хүчний салбарын судлаач, мэргэжилтнүүд 70-80 МВт гэдэг бол ихэд эерүүлж, бууруулж хэлсэн тоо, энэ өвөл багадаа 100-гаас дээш МВт-ын дутагдал үүснэ, дунджаар 150 мянга орчим өрхийн цахилгааныг ээлжлэн хязгаарлаж болзошгүй хэмээн тооцоолж буй. Тэгэхээр нийслэлд амьдардаг айл өрхүүд, цахилгаан ашигладаг хэн бүхний хэрэглээ энэ өвөл ямар нэг хэлбэрээр доголдоно гэсэн үг. Өнөөдөр манай цахилгааныг хязгаарласан бол маргааш танайхыг тасалж мэднэ. Тиймээс цахилгаан халаагуур, халаалтад найдалгүй орон байраа сайтар дулаалах, гэнэтийн эрсдэлд бэлтгэж лаа, шүдэнзээ ахиухан базаах амьдралд ойр зөвлөгөөг нийслэлчүүд бие биедээ өгч эхэллээ. Тоглоом биш шүү, та минь ээ, лаа, шүдэнзээ базааж, гал алдахгүй өвөлжих бэлтгэлээ хангахгүй л бол дүн өвлөөр харанхуйд хүйтэн паар “тэвэрч суух” нөхцөл үүсэх вий.
2023-2024 оны өвөл Улаанбаатарт юу боллоо, нийслэлчүүд ямархуу байдалтай өвлийг давлаа даа. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ байсхийгээд л ачаалж доголдон, орой гэлтгүй өдрийн цагаар ч хэрэглэгчдийн цахилгааныг бүсчлэн хязгаарласан. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мөн л урьдчилан мэдэгдэлгүй хулгайгаар, гэнэт л тасалчихдаг байв. Осол гэмтэл гарсан гэх бэлэн, бөөрөнхий тайлбараар иргэдийн амыг хэчнээн ч удаа таглаж өнгөрөөв. Энэ талаараа албан ёсны, бодитой мэдээлэл өгсөн нь ер үгүй. Иргэд ч гэнэтийн, төлөвлөгөөгүй хязгаарлалтын улмаас хэчнээн төгрөгийн хохирол амссанаа ил тод мэдээлж, тооцоолж, нэхэмжилсэнгүй. Энэ жил салбарын удирдлагууд нь “Заавал урьдчилан мэдэгдэж байж цахилгаан хязгаарлана” гэж олон нийтэд зарласан ч начир дээрээ хэлснээ хэрэгжүүлэх, эсэх нь бүрхэг. Өнгөрсөн баасан гаргийнх шиг гэнэт таслаж, “шоглохгүй” гэх баталгаа алга. Дээрээс нь гэр хорооллын айлуудын цахилгааны хэрэглээг бууруулах зорилгоор зарим бүсэд есөн кВт-ын хязгаартай ухаалаг тоолуур суурилуулчихсан, өнөөх нь ачаалал жаахан нэмэгдэх төдийд л автоматаар асаж, унтарч “чангалдаг” болоод буй гэнэ. Үүнээс болж гэр хорооллын айлуудын гэрэл, цахилгаан гацуурын гэрэл шиг “анивчдаг” болсон, будилаантай тоолуураас үүдэлтэй санал гомдол ч тасрахаа байсан аж. Эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх бас нэг “мэргэн шийдэл” бодож олсон нь энэ бололтой. Өвлийн ид хүйтэнд, оргил ачааллын үед ингэж “дискодсоор” байвал гэр хорооллынхон маань нийтээрээ зутарч, хуугаараа хохирох нь байна.
Эрчим хүчний хангамж улсын хэмжээнд, тэр дундаа төвийн бүсэд өвөл доголдох эрсдэлтэйг салбарын удирдлагууд нь ийнхүү ил тод зарлаад байхад сонгуулийн халууралд автагсад, нийгмийн тулгамдсан асуудлаар амбицлагсад “Бүх зүйл сайхан болно” хэмээн чанга бархирч, үүндээ олон нийтийг итгүүлэхээр оролдож байна. Ямар ч үнээр хамаагүй суудалтайгаа үлдэх, нэр алдар хүртэх гэсэн санаархал үүний цаанаас нэвт “ханхалсаар”. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Энэ өвөл Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд орохгүй” гэж өнгөрсөн зунаас хойш ярьж буй. Хотын даргын санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул “Хот эрчим хүчний асуудалд шийдэл олсон. Үр дүн нь өвлөөс өмнө гарна” хэмээн итгэлтэй гэгч нь мэдэгдсэн. Үүний учир шалтгаан нь энэ сарын 5-нд эхний ээлжийн блокийг нь нээсэн Бөөрөлжүүтийн 150 МВт-ын цахилгаан станц, ирэх сарын 30-нд Багануур дүүрэгт ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Батарей хуримтлуурын 50 МВт-ын станцтай холбоотой юм. Гэвч энэ хоёр эх үүсвэр нэмэгдээд ч оргил ачааллын үеэр төвийн бүсийнхний хэрэглээг хангаж чадахгүйг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хэлчихлээ. Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн гол найдвар мэтээр ярьж, бичиж, сурталчилж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулах үед ч эх үүсвэрийн дутагдал нөхөгдөхгүй гэдгийг салбарын инженер, мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь манай улсын эрчим хүчний хэрэглээ сар, өдрөөр өсөн нэмэгдэж буй. Цахилгаан хэрэглэгчийн тоо 2017-2021 онд жилд дунджаар 2.1-5.2 хувиар өссөн бол 2022 онд 11.8, өнгөрсөн жилд 9.9 хувиар нэмэгдсэнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлэв. 2040 онд эрчим хүчний ачаалал 2020 оныхоос 2.3, хэрэглээ нь 2.6, суурилагдсан хүчин чадал нь 4.8 дахин нэмэгдэх тооцоолол ч бий. Гэтэл шинэ эх үүсвэр барьж, эрчим хүчний нийлүүлэлтийг импортоос хараат бус болгох төсөл, хөтөлбөрүүд түмэн дөнгөтэй, яст мэлхийн хурдаар урагшилж буй. Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордод түшиглэн байгуулж буй, бага оврын цахилгаан станцыг л гэхэд 10 гаруй жилийн турш ярьж байж сая нэг хагас дутуу ашиглалтад орууллаа шүү дээ. Гэвч нээлтийн үйл ажиллагаа нь сүржин, нүсэр гэж жигтэйхэн. Ажлыг нь бүрэн дуусгачихсан аятай л сурталчилж, мэдээлэл түгээж байна.
Одоо бид асуудалд ул суурьтай хандах цаг нь болжээ. Ялангуяа “улаан гэрэл” асаад удаж байгаа эрчим хүчний салбарт хөөсрөл, хөөрөгдөл ер хэрэггүй. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдээ ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлж, санхүүжилтийг үр ашигтайгаар зарцуулах нь манай улсын нэн тэргүүний анхаарах, тулгамдсан асуудал болоод байна. Яг одоогийн нөхцөлд бол хиймэл дагуул хөөргөхөөс илүү эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох нь чухал. Ган татлагат гүүр барьж, эх орноо сурталчлахаас илүү импортын эх үүсвэрээс ангижирч, улсынхаа аюулгүй, бие даасан байдлыг хангах нь үр ашигтай. Эрчим хүч бол хөгжлийн суурь болсон, стратегийн чухал салбар. Үнэн хэрэгтээ эрчим хүчгүйгээр стратегийн ач холбогдолтой гэгдэх бусад төсөл, хөтөлбөрөө урагшлуулах боломжгүй, хөгжингүй орнуудын жишгээр хиймэл дагуул хөөргөөд ч онцын ахиц дэвшил гарахгүй. Энэ бүхнийг эргэж харууштай, нухацтайгаар бодууштай.
Манай улсын эрчим хүчний салбарын бодит нөхцөл байдал ямар байгааг тодруулах үүднээс цөөн баримт дурдъя. Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлснээр Монгол Улсын эрчим хүчний одоогийн суурилагдсан нийт хүчин чадал 1584 МВт гэнэ. Үүний 81 хувийг цахилгаан станц, 19 хувийг нь сэргээгдэх эх үүсвэрээр хангаж байна. ОХУ-аас ихдээ 310 МВт-ыг импортлох боломжтой бөгөөд үүнээс илүүг авах техникийн нөхцөл одоохондоо үгүй аж. Гэтэл сүүлийн хоёр жилд төвийн бүсийн цахилгааны хэрэглээ суурилагдсан хүчин чадлын “тааз”-нд шүргэж, давжээ. Оргил ачааллын үеийн хэрэглээний дээд үзүүлэлт 2020 онд 1308, 2021 онд 1387, 2022 онд 1474-т хүрсэн бол өнгөрсөн жилд 1636 МВт болж бүх цаг үеийн рекордыг эвдсэн байна. Энэ нь өнгөрөгч оныхоосоо 11 хувиар өссөн үзүүлэлт юм. 2024-2025 оны өвөл төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ “улаан шугам” давах нь нэгэнт тодорхой болсон. Харин хэр хэмжээгээр давж, хэчнээн удаа, хэдэн айл өрх, аж ахуйн нэгжийг хохироох бол. Тооцоолох даанч аргагүй юм даа. Цахилгаан хангамж доголдохын хэрээр Улаанбаатарыг нөмрөх уршигт утаа ч үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Хар утаатай, харанхуй өвөл айсуй.