Дэлхийн багш нарын 30, Монголын сурган хүмүүжүүлэгчдийн 58 дахь баярын өдөр аравдугаар сарын 5-нд буюу энэ долоо хоногийн бямба гарагт тохионо. Жил бүрийн аравдугаар сарын 5-ныг Дэлхийн багш нарын өдөр болгох шийдвэрийг ЮНЕСКО-гоос 1996 онд гаргасан бол манай улс 1966 оноос эхлэн хоёрдугаар сард энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Харин Засгийн газар 2013 оны 412 дугаар тогтоолоороо холбогдох журамд өөрчлөлт оруулснаар Монголын багш нарын баярыг олон улсынхтай нэгтгэн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар тогтсон юм. Хэдий багш нарын баяр албан ёсоор энэ өдөр тохиодог ч манай улсад аравдугаар сар гарав уу, үгүй юү үүнийг угтан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.
Сургууль, цэцэрлэгүүд “Багш мэргэжлийг алдаршуулах долоо хоног”-ийн үйл ажиллагаа явуулж, нийгмийн сүлжээгээр нэг давлагаалдаг. Сурагчид, эцэг, эхчүүд багш нараа хэрхэн баярлуулах вэ гэж толгойгоо гашилгаж, элдэв бэлэг сэлт, шинэ содон санааны эрэлд гарцгаадаг. Улмаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, багш нарын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг холбоод, их, дээд сургуулиуд тус бүрдээ ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, хурал хуй зохион байгуулж, баахан багш нарын “энгэрийг цоолдог”. Үндсэндээ ингээд л багш нарын баяр шувтардаг. Үүнээс юу үлддэг вэ гэвэл багш нараа баярлуулах зорилгоор бэлэглэсэн хэдэн мянган цэцэг, мэндчилгээ, ил захидал бүхий цаас, магтаал, талархлын пост, зураг л байна. Харин дэлхийн улс орнууд энэ өдрөөс багш нарын үнэлэмж, хөдөлмөрлөх орчин нөхцөл, нийгмийн асуудалтай холбоотой олон зүйлийг “авч үлддэг” юм. Угаас Дэлхийн багш нарын өдрийг санаачилсны гол учир шалтгаан нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын багш нарын нөхцөл байдлын тухай зөвлөмжийн хэрэгжилтийг бодитоор үнэлж дүгнэн, түүнд нийцүүлэн бодлого, шийдвэр гаргахад олон нийтийн анхаарлыг хандуулах шүү дээ. Бид цаашид цэцэг, жимс төдийхнөөр энэ өдрийн гол зорилгыг бүдгэрүүлэх бус, анх санаачилсан утга учирт нь нийцүүлж, олон улсын жишгээр тэмдэглэх хэрэгтэй байна. Наанадаж багш гэж чухам хэн бэ, сургалтын үйл ажиллагааны үндсэн үүрэг нь юу вэ гэдгийг орчин цагийн шаардлагад нийцүүлэн тодорхойлж, нийгэмд зөвөөр ойлгуулан таниулж, хүлээн зөвшөөрүүлэх цаг нь болсон.
Онцгой хүлээлт буюу “дарамт”
Монголчууд багш хүнийг ихэд хүндэтгэдэг. Оройн дээд мэт үзэж, онцгой хүндлэл үзүүлдэг соёлоороо бусад орныхноос ялгардаг гэхэд хилсдэхгүй. Тэр хэрээрээ сурган хүмүүжүүлэгчдээс дэндүү их зүйл “нэхэж”, шаарддаг. Энэ нь багш нарын нуруун дээр ачаа дарамт болж очдог. Багш бүгдийг мэддэг, чаддаг байх ёстой, хүүхэд, залуус хэр мэдлэг, чадвартай, зөв хүн болж төлөвших нь, цаашлаад улс эх орны ирээдүй ямархуу өнгө төрхтэй байх нь гагцхүү тэднээс л шалтгаалах юм шиг ойлгодог, ийм байдлаар ханддаг. Ямар сайндаа л тодорхой чиглэлүүдээр академик боловсрол эзэмшсэн хүмүүсийг 45 хоногийн сургалтад хамруулж, багшлуулах шийдвэрийг салбарын яамнаас гаргахад “Багшийн ажлыг, мэргэжлийн үнэ цэнийг алдагдууллаа. Хэн дуртай нь энэ ажлыг хийдэг юм биш” гэхчлэн дээр, дооргүй эсэргүүцэж, бухимдацгаасан. Мэдээж багшлахад тодорхой хэмжээний ур дүй, мэдрэмж, сэтгэл шаардана. Гэхдээ бүхнээс онцгой, бүгдийг мэддэг, чаддаг байх нь энэ мэргэжлийн үндсэн, гол шалгуур биш. Сурган хүмүүжүүлэгчдийн хамгийн гол үүрэг нь хүүхэд, залууст амьдралд нь хэрэгтэй мэдлэг, ур чадварыг олгож, тэднийг бие хүн болон хүмүүжих, төлөвших үндэс суурийг тавих. Үндсэндээ өөрийн туршлагаар олж авсан мэдлэгийг бусдад дамжуулагч, бие даан суралцах, хөгжих арга барилд суралцагчдыг хөтлөгч юм.
Техник, технологи, нийгмийн хурдацтай хөгжлийн энэ эрин үед хүмүүс хүссэн мэдлэг, мэдээлэл, ур чадварыг хаанаас л бол хаанаас, богино хугацаанд ямар ч саадгүйгээр хүлээж авах, эзэмших боломж бүрдсэн. Ингэснээр сурагчид бие даан суралцах боломж өргөжиж, багшаас хэт хамааралтайгаар хөгжих нь буурсан. Үүнийг дагаад сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн чиг үүрэг, үндсэн ур чадвар, ажиллах нөхцөл зэргийг ч цаг үеийн шаардлагаар эргэж харах, шинээр тодорхойлох нөхцөл үүсээд буй. Тиймээс олон улсын байгууллагууд, дэлхийн улс орнууд орчин цагийн сурган хүмүүжүүлэгчдийг нийгэмд “таниулах”, тогтсон хандлага, ойлголтыг өөрчлөхөд анхаарах боллоо.
Сурган хүмүүжүлэгч гэж хэн бэ
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO), Боловсролын олон улсын байгууллага (EI), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) зэргээс гаргасан багшийн мэргэжлийн үнэ цэн, шинэ хандлагатай холбоотой тайлан, судалгаанд “Багшийн мэргэжлийн чиг үүргийг буруу ойлгох хандлага нийгэмд түгээмэл байдаг. Энэ нь тэдний ажлын мөн чанар, нийгэмд үзүүлэх нөлөөллийг бүрэн ойлгоогүйгээс үүдэлтэй. Нэгдүгээрт, багш зөвхөн хичээл заах, суралцагчдад академик боловсрол олгох ёстой гэдэг ташаа ойлголт зонхилдог. Энэ нь багшийн ажлын зөвхөн нэг хэсэг бөгөөд суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдын байнгын, тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд үндэслэдэг зарчимтай. Хоёрдугаарт, багшийг хэмжээлшгүй эрх мэдэлтэй, сурагчдыг хянагч, удирдан захирагч гэж үздэг. Өмнөх үеийн уламжлалт ойлголтоор сурган хүмүүжүүлэгчид нь сахилга батыг сахиулагч, удирдагч мэт үздэг байсан нь одоо ч зарим газарт хэвээрээ байна. Орчин үеийн багш бол харилцан хөгжигч, суралцагч, хүүхэд, залуусыг чиглүүлэгч, дэмжигч байх ёстой. Гуравдугаарт, багш нь зөвхөн мэдлэг дамжуулах үүрэгтэй гэх эндүү ойлголт. Сурган хүмүүжүүлэгчид нь мэдлэг түгээгч, дамжуулагч бус, сурагчдын бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх чадвар, хамтран ажиллах хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөч гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Илүү тодорхой хэлбэл, багш нь суралцагчийн хөгжлийг бүх талаар дэмжигч, чиглүүлэгч, зөвлөгч, урагшлуулагч” хэмээн дурджээ.
Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас гаргадаг ирээдүйн ажлын байр, ур чадвар, шинэ хандлагын судалгаанд “Орчин цагт багшийн үүргийг суралцагч төвтэй байр сууриас харж, тодорхойлдог болсон. Бүх төрлийн боловсрол (сургуулийн өмнөх, ерөнхий, дээд гэх мэт)-ын үйл ажилагааны үндсэн зорилго нь суралцагчдын хөгжлийг дэмжих. Үүний гол цөмд багш бус, сурагч байдаг. Сурган хүмүүжүүлэгчид тэднийг тойргийн төв рүү чиглүүлэх, идэвхтэй байлгах, хөгжлийг нь дэмжих үүрэгтэй” гэжээ.
Бодитой шийдэл
Багш гэдэг нь зөвхөн хичээл заагч, мэдлэг түгээгч бус, тэднийг тодорхойлдог уламжлалт хандлага, арга барилаас татгалзах шаардлага үүссэн гэдгийг нийгэмд, эцэг, эхчүүдэд ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хууль, эрх зүйн хүрээнд, бодлогын түвшинд өөрчлөлт оруулсан, гэрээ хэлцлээр баталгаажуулж, тунхагласан улс цөөнгүй. Боловсролын системээрээ дэлхийд үлгэр жишээ загвар болдог Финланд улс гэхэд багшийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой шинэ хандлагыг Боловсролын хууль, түүнийг дагалдах журмуудад тусгаж өгсөн байдаг гэнэ. Тус улсын боловсролын систем суралцагч төвтэйгөөрөө онцлог бөгөөд багш нар тэднийг бие даан хөгжихөд, нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг нь дэмжихэд онцгой анхаарах үүрэг хүлээдэг аж. Тэнд сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэхдээ асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих ур чадварыг нь хөгжүүлэхэд гойд санаа тавьдаг гэх. Канадын зарим мужид багш, суралцагч, сургуулийн захиргаа, эцэг, эхийн ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс гэрээ байгуулахыг шаарддаг гэнэ. Жишээлбэл, Онтарио мужийн Боловсролын тухай хуульд энэ талаарх заалт оруулжээ. Ингэснээр сургалтын үйл ажиллагааг багш төвтэй буюу нэг хүнээс хамааралтай, үр дүнгүй болох эрсдэлээс сэргийлдэг байх нь. Сингапурчууд “Амьдралын турш суралцах чадвартай, бүтээлч иргэнийг бэлтгэх үүрэг”-ийг багш нартаа хүлээлгэх болжээ. Үүнтэй холбоотойгоор тус орны Боловсролын яамнаас багшийн мэргэжлийн хөгжлийн тунхаг гаргаж, суралцагчдын нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг бүх талаар дэмжихэд анхаарч ажиллах чиглэл өгсөн байна. АНУ “Багш бол бүх насны суралцагчдын хувь хүний болон нийгмийн хөгжлийг дэмжигч” гэж үздэг аж. Үүнтэй холбоотой заалтыг сурагч нэг бүрийг амжилттай сургах тухай хууль тогтоомждоо илүү өргөн цар хүрээтэй тусгажээ. Багшийн мэргэжлийн үүрэг, үнэлэмжийг бодлогоор тодорхой болгож, өөрчлөлт оруулсан улс орнуудын жишгээс харахад суралцагчдын нийгэм-сэтгэл зүйн хөгжил, асуудал шийдвэрлэх чадамжид анхаарах хандлага нийтлэг байна. Энэ нь асуудал бэрхшээлийг даван туулах чадвартай, сэтгэл зүйн хувьд хүчирхэг, нийгэмд нийцтэй, дасан зохицох чадамжтай иргэнийг бэлтгэх бодлоготой нь холбоотой гэнэ.
Харин Монголд...
Дээр дурдсан жишээ, баримтуудаас эрдэм мэдлэгтэй хүнийг л багш гэж үздэг, сурган хүмүүжүүлэгчээр ажиллуулдаг гэсэн хандлага нэгэнт халагдсаныг харж болно. Харин үүнээс илүүтэй харилцаа, хандлага, бусадтай ажиллах чадварыг нь үнэлж байна. Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй гэдэг нь ийм учиртай.
Боловсролын асуудал хариуцсан салбарын яам болон холбогдох байгууллагууд сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишгээр суралцагч төвтэй сургалтын систем, багшийн зөөлөн ур чадварыг хөгжүүлэх талаар ярьж байгаа ч өргөн хүрээнд өөрчлөлт, дэвшил гараагүй л байна. Сайн сурган хүмүүжүүлэгч олон байгааг үгүйсгэсэнгүй. Гол нь нийгэм, олон нийтийн дунд тэдний талаар нэгдмэл, зөв ойлголт бий болоогүй байна. Багшийн мэдлэг, ур чадварыг тоо бодлого, томьёо, тодорхойлолтоор хэмжсэн хэвээр, мэргэжлийн чиг үүргийг нь хичээл заах төдийхнөөр ойлгодог янзаараа. Бид сурган хүмүүжүүлэгчдийн үнэлэмж, цалин хөлсийг дэлхийн жишигт хүргэж нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар бишгүй ярьдаг. Тэгвэл үүнийг шийдэхийн тулд мөн л дэлхий нийтийн жишгээр багш гэж хэн болохыг тодорхойлж, тэдний ажил мэргэжлийн онцлог, нийгэмд хүлээх үүргийг олон нийтэд зөвөөр ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Аливаа асуудлын мөн чанарыг ойлгож, хүлээн зөвшөөрөөгүй цагт түүнээс үүдэлтэй бэрхшээлүүдийг шийдэх амаргүй шүү дээ.
Н.Мишээл