Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран япон жуулчдыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хийхээр болжээ. Манай улсад аяллын зорилгоор ирж буй япон жуулчдын олонх нь 50-иас дээш насныхан байдаг гэнэ. Өнгөрсөн онд ирсэн аялагчдын гэхэд 70 гаруй хувь нь 51-ээс дээш, 30- аад хувь нь 70-аас дээш насныхан байж. Харин 19- 35 насныхан хамгийн бага буюу ердөө есөн хувийг эзэлсэн аж. Талууд цаашид бусад насныхан, тэр дундаа залуучуудын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч, медиа аяллыг загвар байдлаар хөгжүүлэхээр санал нэгджээ. Тодруулбал, Монгол орны аялал жуулчлалтай холбоотой мэдээ, мэдээллийг “Youtube” зэрэг залуучууд түгээмэл ашигладаг сошиал сувгуудаар түгээж, зорилтот бүлгийнхэнд хүргэх гэнэ. Мөн бүх насныхны сонирхлыг татахуйц адал явдалт, танин мэдэхүйн аяллын контент бүтээхээр зөвшилцжээ.