Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн түүхт 60 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт Офицеруудын ордонд ёслол төгөлдөр өрнөж байна. Одоогоос нэгэн жарны тэртээ таван тусгай рот бүхий Радио техникийн батальон үүсэн байгуулагдаж улмаар Радио техникийн хороо болж өргөжин эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист байлдааны жижүүрлэлтийн үүргийг тасралтгүй гүйцэтгэн ийнхүү нэгэн жарны түүхээ баринтаглаж байгаа юм.
Түүхт ойг тэмдэглэж буй тэнгэрийн харуулуудын урилгаар уг хүндэтгэлийн хуралд БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын ЗУГ-ын дарга хурандаа Д.Дашзэвэг, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат болон Агаарын цэргээс төрөн гарсан алдартан гавьяатнууд, үе үеийн ахмад буурлуудын төлөөлөл, ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо. Баярын хурлыг нээж тус ангийн захирагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй хэлсэн үгэндээ, “Монгол Улсын төвийн, зүүн, өмнөд, хойд бүсийн агаарын хилийн халдашгүй дархан байдал, агаарын орон зайд хяналт тавих үүргээ 60 жилийн турш тасралтгүй гүйцэтгэж, үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвараар манлайлан түүхэн ололт, амжилтаа баяжуулсаар ирсэн Та бүхэнтэйгээ түүхт ойн баярын энэ өдөр мэндчилж байгаадаа туйлын баяртай байна. Баярын хүндэтгэлийн арга хэмжээнд маань БХЯ, ЗХЖШ, АЦК, хамтран ажилладаг төрийн цэргийн болон Зэвсэгт хүчний анги, байгууллагууд, засаг захиргааны байгууллагуудаас хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхнийг хүрэлцэн ирсэнд хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ахмад үеийнхний мөнхөд дурсагдах алдар гавьяагаар суурилсан манай анги нь хүйтэн дайны эгзэгтэй цаг үе дэх хөрш орны найрамдал нөхөрлөл хамтын ажиллагаа, хүч хөдөлмөрөөр төлөвшиж, байнгын бүрэлдэхүүн бүхий өөрчлөлт шинэчлэлтийн үеийн тэсвэр хатуужил, амжилтаар улам батжиж, өнөөгийн бидний идэвх санаачилга, хичээл зүтгэлээр дархлагдан цаашдын хөгжлийн гараанд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцлов. Мөн баярын хурлын үеэр ажил албандаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад төрийн одон, медаль болон салбарын шагналыг гардуулсан юм.