Монгол, Японы поп соёлын холбооны санаачилгаар “Монгол, Японы поп соёлын фестиваль-2024” арга хэмжээг гурав дахь удаагаа улсын хэмжээнд зохион байгуулна. Уг фестиваль энэ сарын 11-ний 12.00 цагаас “Golden sun event hall”-д болох аж.
Фестиваль Японы поп соёл, тэр дундаа косплэй буюу хүүхэлдэйн кино, комик ном, видео тоглоом зэргийн дүрд хувирсан хүмүүсийн үзүүлбэрүүдтэй. Түүнчлэн манга тэмцээн буюу монгол хүүхэд залуусын хийсэн хувцас, бүтээлүүдийг үзэх боломжтой. Мөн анимэ дууны тэмцээн, кэндо буюу Японы үндэсний тулааны урлагийн үзүүлбэрүүдийг толилуулах нь. Кэндама буюу Японы үндэсний тоглоомын үзүүлбэрийг ч сонирхож болох нь.
Зохион байгуулагчдын зүгээс арга хэмжээнд очсон зочдод зориулж Япон Улсад суралцах болон япон хэл суралцах талаар мэдээлэл авах хэсгийг бий болгох гэнэ. Фестивалийн энэ жилийн онцлог нь Хирошимагийн поп соёлын фестиваль зохион байгуулагчид хамтын ажиллагааны гэрээгээр оролцох аж. Үүний хүрээнд косплэй тэмцээний ялагчид Хирошимагийн фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцох нь. Арга хэмжээний төгсгөлд “Anime night” болон “Movie night” болно. Энэ үеэр кино, анимэ дүр хувирсан уран бүтээлчид үзүүлбэр тоглолтоо толилуулах гэнэ.
Ташрамд дурдахад, өмнөх жилийн косплэй тэмцээний ялагчид энэ сарын 2-4-нд Япон Улсад болсон дэлхийн косплэйн дээд хэмжээний уулзалтад амжилттай оролцсон байна.
Бэлтгэсэн Ц.Ану