Хугацаат цэргийн албанд нутаг нутгаасаа татагдан ирээд мөрөөдлөө ижилсүүлэн нөхөрлөж яваа тэднийг Хөхөөгийн Товуудор, Отгонбаярын Мөнх-Оргил гэдэг. Хоёул 2021-2022 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан ба Архангай аймгийн Хайрхан сум болон Өвөрхангай аймгийн Баянгол сумын залуус аж.
Нутаг нутгийн олон харчуудтай эх орныхоо өмнө хүлээсэн эрхэм үүргээ гүйцэтгэж байхдаа цэргийн албыг хүсэл мөрөөдлөө болгож, улмаар халагдмагцаа ангидаа цэргийн гэрээт алба хаагчаар хамтдаа элсэж. Танкийн тусгай хорооныхон ч наашаа гэсэн залуусаа алгаа тосон баяртайгаар угтан авч, үргэлжлүүлэн Ахлагчийн сургуульд суралцуулж, 2023 онд дэд ахлагч цолтойгоор эгнээндээ нэгтгэсэн байна.
Өдгөө тэд Зэвсэгт хүчний уралдаан тэмцээн, маршид тасралтгүй оролцож, гардан тулааны үзүүлэх тоглолтыг гайхамшигтайгаар толилуулдаг ахлагч нар болж жавхаажжээ. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хамт олонд нэгэн давуу тал байдаг нь хугацаат цэргийн алба хаасан залуусаа эгнээндээ авч, шилдэг алба хаагч болгон бэлтгэж чаддаг увидастай. Тэдэн шиг хэдэн арван байлдагч ангидаа гэрээт цэрэг, цаашлаад сургуульд соёлоор нь дамжин ахлагч, офицер болсон жишээ олон бий билээ.
Эх сурвалж: Соёмбо редакц