21 настай хүү 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэж очоод амиа алдсан нь олон хүнийг цочирдуулсан. Тэрбээр цагдаа нарт зодуулсны улмаас амиа алдахад хүрсэн гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн боловч хууль хяналтын байгууллагынхан үгүйсгэсээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэн Т.Золбаяр өнгөрсөн сарын 25-наас хойш төв талбайд суулт зарлаж байна. Өчигдөр 11 дэх өдрөө талбайд суулт хийсэн тэрбээр “Буруутай этгээдүүд хариуцлага хүлээтэл зогсохгүй” гэж мэдээлсэн. “Хүний нялх үрийг хороосон хэрэгтээ хариуцлага хүлээцгээ” хэмээн бичсэн самбар барьж, суусаар буй тэрбээр цагдаа, прокурорын байгууллагыг шинэчлэн зохион байгуулах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа аж.