-Сүүлийн 10 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт 10 сайд солигдлоо-
Т.Мөнхсайхан гурван жил долоон сарын дараа Эрүүл мэндийн сайдаар эргэн ирлээ. Эрүүл мэндийн салбар бахь байдгаараа, яг урьдынхаараа түүнийг угтаж байна. Зарим талаар асуудлууд нь бүр ч ужгирч, илүү хүндрээд буй. Сайд нар нь нүүдлийн шувуу шиг ажилладаг, байсхийгээд л солигддог, тогтвортой бодлого хэрэгжүүлдэггүй, ирсэн хүн нь “самарчхаад” буцдагтай эрүүл мэндийн салбарын өнөөгийн хямрал холбоотой ч байж мэдэх юм. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2014 оноос хойш эл салбарыг удирдахаар ирсэн 10 дахь сайд нь Т.Мөнхсайхан. Нэг жилийн “настай” сайдын суудалд тэрбээр өнгөрсөн 10 жилийн дотор хоёр дахь удаагаа сууж буй анхны хүн нь.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар 2020 оны долоодугаар сард Т.Мөнхсайхан томилогдож, зургаан сар гаруй хугацаанд ажилласан билээ. “Эмнэлгийн дарга” тодотголтой тэрбээр хүний их эмч мэргэжилтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн захирлаас сайд болж дэвшиж байв. Түүнийг сайдаар ажиллаж байх үед манай улс цар тахлыг дотооддоо алдаж, иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлан, хүний эрхийг зөрчсөн шийдвэр ч цөөнгүй гаргаж байсныг бид мартаагүй. Улмаар дөнгөж амаржсан эхийг эмнэлгийн хооронд тээвэрлэхдээ хариуцлага алдсан үндэслэлээр У.Хүрэлсүхийн танхим огцроход эрүүл мэндийн салбарынхнаа сайн удирдаагүй сайд Т.Мөнхсайхан голлох үүрэг гүйцэтгэсэн ч бусад нь түүний алдааг хамтдаа үүрэлцсэн.
ДАРГА НАРЫГ ТӨСВИЙН МӨНГӨӨР ГАДААДАД ЭМЧЛҮҮЛНЭ
Дөнгөж амаржсан эхийг эмнэлгийн хооронд тээвэрлэхдээ хариуцлага алдсан үндэслэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон ч эрүүл мэндийн салбарын энэ мэт суурь асуудлуудыг өдий хүртэл шийдсэнгүй. Хэн ч өөрчлөлт шинэчлэл хийгээгүй. Эл салбарт нүүрлэсэн хүнд суртал, чирэгдэл, бэрхшээл, шударга бус байдал, дабл стандарт, эмийн үнийн өсөлт, замбараагүй хэрэглээ, иргэдийн өвчлөл гэх мэт бүх асуудал даамжирсаар байна. Товчхондоо, эрүүл мэндийн салбар өөрөө энэ улсын “хорт хавдар” нь болчхоод байгаа.
Жишээ нь, эрүүл мэндийн салбарт гүн бат сууриа цутгасан дабл стандарт бүр ил цагаандаа гарчээ. Иргэд хүнд өвчнөө эмчлүүлэхийн тулд олон нийтээс хандив тусламж хүсэж, бүх хөрөнгөө зарж, хамаг нөөц боломжоо шавхдаг. Гэтэл УИХ-ын гишүүд нь төсвийн буюу иргэдийн татварт төлсөн мөнгөөр гадаадад эмчлүүлэх хуулийг эрх баригчид баталчихсан байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 16-нд шинэчлэн баталсан УИХ-ын тухай хуулийн 41.13.4-т “...гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах...” хэмээн заажээ. Төрд мөнгө гэж байхгүй. Төрийн мөнгө гэдэг нь цаг хугацаа, гэр бүлээ үл хайхран ажиллаад, эцэст нь элдэв өвчний үүр уурхай болоод, олигтой эмчлүүлж чадахгүй, эрүүл мэндийн салбарын хүнд сурталтай нүүр тулдаг иргэдийн төлсөн татвар юм.
Шударга бусын сонгодог жишээ, эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царай болсон дээрх заалтыг “устгуулах”-аас шинэ сайдын ажил эхлэх ёстой. Иргэдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон, бас хамгийн чухал салбарыг толгойлсны хувьд шударга бус явдлыг таслан зогсоох нь түүний үүрэг. Цаашлаад үхэх, сэхэхийн заагт амь тэмцэж байгаа хүмүүс гадаад руу явахын тулд хандив гуйдаг биш, эх орондоо зардал чирэгдэл багатайгаар эмчлүүлж, илаарьших боломж бүрдүүлэх нь Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлэх бодлогын гол цөм нь байх учиртай.
Парламент нь хууль батлан байж гишүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч байхад жирийн иргэдийн өвчин зовлон харин туйлдаа хүрлээ. Монгол Улс эрүүл мэндийн олон сөрөг үзүүлэлтээр дэлхийд толгой цохидог хэвээрээ. Үндсэн хуулиараа бол Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Гэтэл эрүүл мэндийн салбар иргэдийн энэ эрхийг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийн 200 орчим орноос нэгдүгээрт бичигддэг. Сүүлийн 10 гаруй жил энэ байрнаасаа хөдлөөгүй. Мөн ходоод, улаан хоолойн хорт хавдрын үзүүлэлтээр дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байгаа. Өвөл бүр улсаараа ханиаданд дарлуулж, хүүхэд, хөгшидгүй эмнэлгийн шалан дээр хэвтдэг дүр зургийг ч эрхэм сайд санаж буй биз.
ДАМПУУРАХДАА ТУЛСАН ДААТГАЛ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2021 оноос хойш гаргасан тушаалуудыг цэгцлэх нь бас сайдын нэн тэргүүнд хийх ажлуудын нэг байх ёстой. Энэ бол бодит байдлаас урган гарсан шаардлага. Зөвхөн иргэд төдийгүй эрүүл мэндийн салбар, эмнэлгийнхэн, эмч нар ч энэ тухай ярих боллоо. ЭМДҮЗ-ийн уялдаа холбоогүй, амьдралгүй шийдвэрээс болж эмнэлгүүдийн төсвийн алдагдал хэрээс хэтэрч, эмч нар хүн анагаах бус, бичиг цаасны ажилтны үүрэг гүйцэтгэн, иргэд эмчлүүлэх гэж хамаг цагаа барж, түүндээ стресстсээр өвчнөө улам даамжруулж байна.
“Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д цаг авсныхаа дараа уушгиа үзүүлэх гээд Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-т цаг авах гэсэн юм. Гэтэл ХСҮТ-д бүртгэлтэй гээд УХТЭ-т цаг өгсөнгүй. ХСҮТ-ийн бүртгэлээ заавал цуцлуулсны дараа цаг авна гэнэ. Ард түмэн чинь эмнэлгүүдийн хооронд “бөмбөг” болж байна. Эмч нар ч бүртгэлийн ажилтан шиг боллоо. Хүний эд эрхтэн зэрэг өвдөж болохгүй юу. Манай улсын эмнэлгүүдийн дараалал, цагийн хүлээгдэл ямар билээ. Яахаараа хавсарсан эрүүл мэндийн асуудлаа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд зэрэг хандаад эмчлүүлэх боломжийг хааж байгаа юм бэ” гэж иргэд шүүмжилж байгаа юм.
Энэ шүүмжлэл нь өнөөх л ЭМДҮЗ-ийн шийдвэрээс улбаатай. Тус зөвлөлийнхөн иргэн нэг эмнэлэгт цаг авсан бол заавал түүндээ үзүүлж дуусаад дараагийнхаа эмчид хандах “мэргэн” санаачилга гаргасан нь ийнхүү иргэдийг чирэгдүүлээд байна. Жишээ нь, ХСҮТ-д нэг сарын дараа үзүүлэхээр цаг авсан хүнд энэ хугацаанд нь өөр өвчин эмгэг илэрвэл эмчлүүлж чадахгүй. Эсвэл арайхийн олддог ХСҮТ-ийн цагаа цуцлуулах сонголттой нүүр тулах болно. Бас нэг асуудал нь зарим эмнэлэгт авсан цагаа цуцлуулахын тулд заавал биечлэн очих шаардлага тавьж байгаа юм билээ. Цар тахлын үеэс л ярьсан цахим шилжилт эрүүл мэндийн салбарын хөрсөн дээр огт буугаагүйн жишээ нь энэ.
ЭМИЙН АГЕНТЛАГТАЙ Ч ЭМ, ТАРИА ТАСАЛДДАГ
УНТЭ-т өнгөрсөн зургаадугаар сард шинжилгээ өгөх гэтэл шаардлагатай бодис нь дууссан гэх шалтгаанаар буцахад хүрснээ нэгэн иргэн фэйсбүүкт бичжээ. Тусгаар тогтносон улсын төв эмнэлэг нь шинжилгээний бодисгүй хэмээн иргэдийг буцааж байгаад тэрбээр үнэхээр урам хугарсан байна. Бас цөөнгүй хүн түүнтэй санал нийлж буйгаа илэрхийлээд, дээрх асуудал зөвхөн УНТЭ-т бус, бусад эмнэлэгт ч тулгараад байгааг дурджээ. Тухайлбал, улсын ихэнх эмнэлэгт нүдний болор дуусаж, энэ төрлийн мэс засал хийж чадахгүй болсон гэнэ. Гэтэл хувийн эмнэлэгт төрөл төрлөөрөө байгааг нэгэн иргэн онцолжээ. Бас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д ургийн ДНХ тодорхойлох амниоцентез шинжилгээг огт хийхгүй байгааг манай сонин өмнө нь мэдээлсэн. Ургийн гажиг бий, эсэхийг тодорхойлдог эл чухал шинжилгээг тодруулагч бодис дууссан гэх шалтгаанаар хийхгүй байгаа юм билээ. Ийм шалтгааны улмаас жирэмсэн эхчүүд гурван сар орчмын хугацаанд ЭХЭМҮТ-ийг тодруулагч бодисоо авахыг хүлээж байгаа. Харин хувийн эмнэлгүүдэд эл шинжилгээг ямар ч хүндрэл, хүлээгдэлгүйгээр хийж буй. Даанч төлбөр нь 1-2 сая төгрөг болохоор хүссэн хүн бүр хувийн эмнэлэгт хийлгэж чадахгүй.
Ерөөсөө ямар нэгэн урвалж бодис дууссан, эсвэл чухал аппарат нь эвдэрсэн гэх асуудал улсын эмнэлгийнхэнд лхамаатай. Ямар сайндаа л иргэд “Албаар ингэж зохион байгуулдаг гэж хардаг. Улсын эмнэлгүүдэд байхгүй бүхэн хувийнхад байдаг. Эцсийн дүндээ иргэдээ мөнгөгүй бол үх л гэж байна. Даатгал төлсний ч хэрэг алга” гэж бухимдах вэ дээ.
Уг нь манай улс бие даасан эмийн агентлагтай. Улсын эмнэлгүүдэд шаардлагатай эм, тариа, урвалж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тасалдуулахгүй байлгах, ийм зүйлээс болж иргэдийг чирэгдүүлэхгүй гэж л бүхэл бүтэн агентлаг, 100 гаруй хүн ажилладаггүй үү. Ийм байдал хэдий болтол үргэлжлэх вэ, сайд аа.
ИЛРҮҮЛСНЭЭ ЭМЧЛЭХ БОДЛОГО БАЙНА УУ
Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт сүүлийн хоёр жилийн хугацаанд хүн амын 43.4 хувь буюу 1.4 сая гаруй нь хамрагдчихлаа. Үүний дийлэнх буюу 1.2 сая орчим хүн нь ямар нэгэн байдлаар өвчилснийг илрүүлээд байна. Ердөө 14 орчим хувь нь эрүүл саруул гэсэн үг. Тэр дундаа 10 000 орчим хүнээс хавдрын шинж тэмдэг илэрчээ. Энэ мэт тоон мэдээллийг ЭМЯ, холбогдох байгууллагууд тогтмол гаргаад, олон хүн хамруулснаараа сайрхаж, бас Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг биелүүлсэн хэмээн бахархах болсон.
Гэвч өвчтэй хүмүүсийн хэдийг нь эмчилж, анагаасан бэ гэхэд хариулт өгч чадах хүн ЭМЯ-нд алга. Өөрөөр хэлбэл, өвчилсөн хүмүүсээ эмчлэх бодлого нь орхигдчихоод байна. Эмчлүүлэх, эсэх нь тухайн иргэний хэрэг гэж үзэж буй бололтой. Гэтэл иргэн эмнэлэгт очих гэхээр дээр дурдсанаар түмэн асуудалтай тулгарч, шантардаг. Өвчин эмгэгийг илрүүлэх нь мэдээж чухал. Гэхдээ түүнээс илүү чухал зүйл нь эдгээн анагаах гэдгийг эмч хүний хувьд Т.Мөнхсайхан эрхбиш ойлгоно гэж найдаж байна. Нөгөө талаас эрт илрүүлгийг мэдээлэл цуглуулж, иргэдийг толгой дараалан хамруулсан нэр зүүх маягаар явуулах ёсгүйг олон хүн шүүмжлэх болсныг анхааралдаа авна уу.
Энэ мэтийг дурдвал эрүүл мэндийн салбарт гэрэл гэгээтэй зүйл тун цөөн. Нөхцөл байдал яагаад ийм түвшинд хүрсэн, ямар учир шалтгаантай, үүнийг хэрхэн өөрчлөх вэ гэдэгт өгөх хариултыг сайд Т.Мөнхсайхан олж, энэ салбарт салхи оруулж, өөрчлөлт хийнэ гэж итгэж байна. Эс тэгвээс эрүүл мэндийн салбарт дахин ирснийх нь хэрэг гарахгүй, яг л өмнөх сайд нар шигээ суудлын бөглөөс төдий үлдэнэ.
Бэлтгэсэн М.Оч