Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр энэ оны хоёрдугаар улиралд гадаад улсад зуучлагдсан монголчуудын тоо өмнөх улирлынхаас 18.2 хувиар буурч, харин ийм зорилгоор манай оронд ирсэн гадаад иргэд 92.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, энэ хугацаанд Монголоос 265 хүн хөдөлмөр эрхлэхээр гадаад руу явсан бол манай улсад ажиллаж буй өөр орны иргэдийн тоо 15.6 мянгад хүрсэн байна.
Хөдөлмөрийн гэрээгээр зуучлуулсан монголчуудын 190 нь БНСУ, 75 нь Япон руу явжээ. Үүний зонхилох нь буюу 29.8 хувь нь 25-29, хамгийн бага буюу 1.5 хувь нь 45-49 насныхан гэнэ. Манай оронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаад иргэдийн 71.1 хувь нь хятад, 7.6 хувь нь энэтхэг, 3.9 хувь нь вьетнам, 2.7 хувь нь турк, үлдсэн нь орос, филиппин, солонгос, америкчууд голлосон бусад орныхон аж.
Ажиллаж буй салбараар нь авч үзвэл монголчуудын 75.1 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 12.8 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 7.2 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур, гурван хувь нь барилга, 1.9 хувь нь зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр зуучлуулжээ. Харин Монголд ажиллах хүч болж буй гадаадынхны 24.3 хувь нь уул уурхай, олборлолт, 22.7 хувь нь барилга, 16.1 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 8.9 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээ, 7.1 хувь нь цахилгаан хий, агааржуулалтын салбарт хөдөлмөр эрхэлж байна. Ташрамд дурдахад, ажил эрхлэгч гадаад иргэдийн тоо нь хоёрдугаар улиралд хамгийн өсөлттэй гарсан салбар нь барилга болжээ. Тус салбарт ажиллагсдын тоо 2200-гаар нэмэгдсэн нь өмнөх улирлынхаас 2.7 дахин өссөн дүн аж.