2024.05.01 Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдсэнийг мэдэгдлээ. Эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж, 10 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулах боломж нээгдээд буйг олон нийтэд мэдээлэв.
05.09 Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг албан ёсоор нээж, иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүлснээ Засгийн газраас зарлалаа.
05.15 Тавдугаар сарын эхний 10 хоногт ипотекийн зээл олголт 42 хувиар өссөнийг Барилга, хот байгуулалтын яам (хуучнаар)-наас мэдээлэв. Энэ хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан 38.8 тэрбум төгрөгийн зээл олгосон гэлээ.
05.16 Ерөнхий сайд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Уг хуулийн төслийг баталснаар ипотекийн зээлийн хөтөлбөрийг эрчимжүүлж, жилд 30 мянган өрхийг орон сууцжуулах боломжтой хэмээв.
05.17 Тавдугаар сар гарснаас хойш ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад 52, өмнөх жилийн мөн үеийнхээс 59 хувиар өссөнийг Засгийн газраас танилцууллаа.
05.28 Энэ үед нийслэл, орон нутгийн хэмжээнд 3361 өрхөд 397.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд “Хөдөө, орон нутгийн иргэдэд олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувиар нэмэгдсэн” гэж онцлов.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн өмнөх Засгийн газар ипотекийн зээлтэй холбоотой энэ мэт чихэнд чимэгтэй, чихэр шиг амттай мэдээллээр өнгөрсөн хаваржин монголчуудыг пологттол “дайлав”. Уншигчид мартаагүй гэдэгт итгэлтэй байна. Дээр дурдсан хууль, тогтоолын төслүүдийг боловсруулж, заримыг нь баталснаар ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл олгох үйл явцыг эрчимжүүллээ, санхүүжилтийн тогтвортой механизм бий болголоо, орон сууцжуулах хөтөлбөрийг дардан замаар хэрэгжүүлэх замыг заслаа гэх өнцгөөс Засгийн газар үйл ажиллагаагаа сурталчилж, олон нийтэд сүр дуулиантайгаар зарласан. Үүнийгээ илүү итгэл үнэмшилтэй болгохын тулд өнгөрсөн хугацаанд царцмал байдалтай явж ирсэн зээл олголтыг эрчимжүүлж, ийм сонголтоор байр авах хүсэлт гаргасан олон иргэнийг орон сууцтай болгосон мэтээр мэдээлсэн юм. Ингээд “Ипотекийн зээл олголт 10 хоногт 42 хувиар өслөө”, “Тавдугаар сард олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 59 хувиар нэмэгдлээ” гэх статистикт тулгуурласан сурталчилгааг зай завсаргүй хийсэн. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, зорилтот бүлгийнхнийг дэмжих гэхээсээ илүү сонгуульд ярих зүйлтэй, хийсэн ажилтай орох гэсэн тактикийн шинжтэй шийдвэрүүд байсан билээ. Тиймээс л УИХ-ын ээлжит сонгууль болоход ганцхан сар дутуу байхад эрх баригчид Үндэсний баялгийн сангийн, Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийг богино хугацаанд шил дараалан өргөн барьж, үүнтэй холбоотой тогтоол, шийдвэрүүдийг гэрлийн хурдаар гаргасан. Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд энэ асуудалд төдийлөн санаа тавиагүй хэрнээ цаг тулсан үед “хэлд, хөлд орж” бужигналдсаны цаад учир шалтгааныг иргэд, олон нийт гадарласан ч сонгуулиас өмнө яаж ийгээд хөнгөлөлттэй зээлд хамрагдчих юм сан хэмээн дээр, дооргүй гүйлдэцгээсэн юм. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэний тоо тавдугаар сарын 1-ний байдлаар түүхэн дээд хэмжээнд хүрч, 20 мянга давсан байв. Зээл олгох үйл явц удаашралтай, царцанги байсан учраас иргэдийн хүсэлт ингэтлээ овоорсон хэрэг. Харин сонгуулийн бужигнаанаар тэдний цөөн хувьд нь боломж олгоод, олонход нь “Ипотекийн зээлийг ямар ч саадгүй, түргэн шуурхай олгох санхүүжилтийг шийдлээ” гэх хий хоосон горьдлого төрүүлээд орхисон юм. Яг энэ сиймхийг овжноор ашиглан долоохон хоногийн дотор зээлээ шийдүүлсэн нэгэн байхад банканд хүсэлт гаргаад 1-2 жил хүлээж буй иргэн цөөнгүй байв. Харин одоо сонгууль дуусаж, улс төрийн “тоглоом” өндөрлөсөн тул бүх зүйл хэвэндээ оржээ. Ипотектэй холбоотой сэдэв тренд байхаа болив. Зээл олголт урьдын адил удаашралтай, урт хугацаагаар иргэдийг уясан хэвээр байна.
Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Н “Материалаа бүрдүүлж, хүсэлтээ өгөөд жил орчим боллоо. Зээлийн шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлтийг нь түдгэлзүүлдэг гэсэн болохоор найдвар тавьж хүлээсээр л байна. Хэрэв зээлээ шуурхай шийдүүлчихсэн бол түрээсийн байрны төлбөрт өгсөн мөнгөөрөө ипотекийн зээлээ нэг жил, багадаа зургаан сар төлчих байлаа. Өнгөрсөн хавар шийдэгдчих болов уу гэж нэлээд харсан ч болсонгүй. Ойр тойрны олон хүн зээлээ гаргуулсан. Одоо таг чиг боллоо. Банкнаасаа лавлахаар “Ганц тантай харьцдаггүй, хэдэн мянган хүний хүсэлт байна. Бүгдийг нь хууль ёсны дагуу дарааллаар нь шийднэ. Зээл судлах хугацаа гэж бий. Эдийн засагч таны материалтай танилцаж, зээлийн хорооны хуралд танилцуулсны дараа албан ёсоор баталгаажна” гэсэн хариу өгдөг. Гэтэл зарим хүний хүсэлтийг хэдхэн сар, өдрийн дотор шийдвэрлэсэн тохиолдлууд байна. Банк ийм удаашралтай ажиллаад байна уу, эсвэл санхүүжилт нь хүндрэлтэй юу гэдгийг мэдэхгүй” хэмээв. Харин өөр нэгэн иргэн “Ипотекийн зээлийг ямар ч саадгүй, хурдан олгоно гэсэн ойлголт байхгүй. Танил тал, бэл бэнчин зэргээр нөлөөлж хүмүүсийн урдуур дайрахгүй л бол дунджаар зургаан сараас хоёр жил хүртэл болдог. Цөөн харилцагчтай, жижиг банканд хүсэлт гаргавал богино хугацаанд шийдвэрлүүлэх магадлалтай. Тиймээс хүмүүс үүнийг нь тооцоолж, аль банканд хүсэлт гаргахаа шийддэг юм байна. Мөн банкуудтай хамтран ажилладаг үндэсний томоохон компаниудын ажилтнуудад зээл хурдан “олддог” гэнэ. Танил талгүй, бидэн шиг хүмүүс чимээгүй хүлээхээс аргагүй юм билээ. Шалгуур, шаардлага хангах нь хүсэлт шийдвэрлэх хугацаанд нэг их нэмэргүй” хэмээн ярилаа. Түүнчлэн арилжааны банкуудтай хамтарч ажилладаг барилгын компаниудын байраас сонгосон, эсвэл зуучлалын газруудаар үйлчлүүлсэн тохиолдолд зээлээ хугацаа алдалгүй шийдүүлэх хоёр төрлийн сонголт тулгарч буйг иргэд хэлсэн юм.
Барилга, хот байгуулалтын яам (хуучнаар)-наас мэдээлснээр 2024 оны эхний дөрвөн сард Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр нийслэл, орон нутгийн 2500 өрхөд 291.7 тэрбум төгрөгийн, орон сууцын хөнгөлөлттэй зээл олгоод байв. Харин тавдугаар сарын 17-ны байдлаар 3361 өрхөд 397.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байсан юм. Сар гаруйхны хугацаанд 861 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, 105.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Харин энэ оны хоёрдугаар улирал буюу зургаадугаар сарын байдлаар 4419 өрхийн орон сууцын 514.6 тэрбумын санхүүжилтийг шийдсэн байв. Сар хүрэхгүй хугацаанд 1058 иргэнд 117.3 тэрбум төгрөгийн зээл олгож. Үндсэндээ сонгуулийн өмнөх хоёр сарын хугацаанд 1919 иргэнийг байртай болгож, 222.9 тэрбум төгрөгийн зээлийг нь шийдвэрлэжээ, “өгөөмөр” нь дэндсэн төр засаг маань.
Арилжааны банкууд өмнө нь ийм богино хугацаанд, ингэж шуурхай ажилласан тохиолдол ховор юм билээ. Оны эхний хагаст олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн жилд шийдвэрлэсэн нийт зээлийн 55.2 хувьтай тэнцэж байна. Харин ийм боломж эдэлсэн өрхийн тоо 49.7 хувьтай нь дүйж буй. Тэгэхээр энэ оны нэгдүгээр хагаст орон сууцын хөтөлбөрт хамрагдсан өрх, тэдэнд олгосон зээлийн хэмжээг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй жинлэвэл нэг их зөрүүтэй гарахгүй нь. Цаашид одоогийнх шиг удаашралтай байдлаар зээл олгосоор байвал жилийн эцэст 2022, 2023 оны үзүүлэлтээс тийм ч хол зөрүүтэй тоо гарахгүй, дүндээ дүн байх болов уу. Магадгүй төр засаг үүнийг сонгуулийн “хөзөр” болгож ашиглахын тулд 2024 оны эхэн үеүдэд зээл олголтыг байдгаар нь алгуурлуулж, чагталсан байж ч мэдэх юм.
Сонгуулийн цаг хугацааг угтуулан санаачилж баталсан, өргөн барьсан хууль, тогтоолууд цаашид орон сууцжуулах хөтөлбөрийг урагшлуулах уу, зээл олгох үйл явцад дэвшил авчрах уу гэдэг нь энэ цаг үед асуултын тэмдэг болоод байна. Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийг баталчихвал л “Жилд 30 мянган өрхийг орон сууцаар хангах боломж бүрдэнэ” гэх гоё амлалт, өөдрөг зорилтдоо тэд үнэхээр хүрэх болов уу. Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг орон нутагт давамгай хэрэгжүүлж, шилжин суурьшигчдад ипотекийн зээлийг онцгой нөхцөл (эхний гурван жилд гурван хувийн хүүтэйгээр олгох зохицуулалттай)-тэйг өөр олгох зорилгоо биелүүлж чадах уу. Эсвэл энэ бүхнийг ярихаас цаашгүй байсаар дараагийн сонгуулийн өмнө дахин “амилуулах” уу.
Бэлтгэсэн Н.Мишээл