Япон Улсад ажиллаж, амьдардаг, мэргэжлийн уран гулгагч Г.Марал-Эрдэнэ “Steppe arena” мөсөн өргөөнд “Summer-2024” сургалтаа явуулж эхэллээ. Г.Марал-Эрдэнэ уран гулгалт сонирхогчдод 12 өдрийн турш багшлах аж. Түүнчлэн сургалтаа анхан шатны хоёр, ахисан нэг ангид хуваан хичээллүүлж байгаа гэнэ. Сургалтын үеэр урагш тойрог зурах, нэг болон хоёр хөл дээр зогсох, урагш солбих, тойрох, гурав эргэх, хагас эргэнгээ үсрэх зэрэг ур чадварыг зааж буй юм байна. Мөн тус сургалтад хамрагдагсад түвшнээ тогтоолгох боломжтой гэнэ.
Ташрамд дурдахад, Г.Марал-Эрдэнэ нь таван наснаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэсэн бөгөөд энэ спортын төрлөөр Монголоос олон улсын тэмцээнд оролцсон анхны тамирчин болж байв.
Бэлтгэсэн У.Сүрэн