“Go Mongolia” уриан дор эх орноо олон улсад сурталчилж, жуулчдыг татахыг зорьж буй манай улсын зам, дэд бүтцийн нөхцөл байдал ийм байна. Нийслэлд хамгийн ойр аялал жуулчлалын гол бүс нутаг гэгддэг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Мэлхий хаданд очих гэж жуулчид ийм энхэл донхол, нүхэн эвдрэлтэй замаар сэгсчүүлэхээс аргагүйд хүрчээ. Ямар сайндаа хөтөч, тайлбарлагч нар нь “Яст мэлхийн хурдаар зүтгүүлсээр Мэлхий хаданд хүрлээ. Ахиж тийшээ жуулчинтай зүглэлтгүй”, “Энэ тамын замаар олон жил зорчиж байна. Нэмээд том, жижиг нийлсэн 20 гаруй “тогоо” үүсчихэж” хэмээн ёжлон, шүүмжилж буй юм.
Горхи, Тэрэлж нь манай улсыг зорин ирж буй жуулчдын аяллын маршрутад багтдаг гол газруудын нэг. Тэр дундаа богино хугацаанд аялахаар ирсэн жуулчид, солонгосчууд тухайн бүс нутгийг зорих нь элбэг. Гадаадынхан тэнд уул, ус, ургамал ногоо жигдэрсэн үзэсгэлэнт байгалийг үзэхээс гадна Мэлхий хад, Аръяа балын хийд, Болорын агуй зэрэг өвөрмөц сонин тогтоц, өв соёлын дурсгал болсон газруудыг зорьж очдог юм. Гэтэл энэ маршрутаар явах зам нь өдгөө экстрим уралдааны талбар гэлтэй болчхоод байна.
Тус бүс нутгийн зам харгуй хэзээнээсээ муу байсан. Цогцолборт газар луу нэвтрэх цэг орчим буюу “Мойлтын тохой” сувилал, Тэрэлжийн гүүр хавийн зам гэж улаан шороо манарсан дэржигнүүр байдаг. Сүүлийн үед бороо хур элбэг орсон нь нөхцөл байдлыг улам дордуулжээ. Үүнээс болж зам, тээврийн осол гарахгүй, жуулчид хохирохгүй гэх баталгаа үгүй. Тиймээс аялал жуулчлалын асуудал хариуцсан байгууллагууд жуулчдын очих хүсэлтэй газруудын жагсаалтад дээгүүрт ордог Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрынхаа зам, дэд бүтцийг сайжруулахад дор бүрнээ анхаарах шаардлагатай байна. Аюулгүй байдал, хожмын эрсдэлээ бодсон энэ ч асуудлыг үл хайхарч боломгүй.
Бэлтгэсэн Н.Мишээл