Жишээ-1 Тендерийг нь зарласнаас эхэлж тооцвол таван жил гаруйн хугацаанд сунжруулан байж сонгуулийн өмнөх жилд арайхийн ашиглалтад оруулсан Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам өнгөрсөн хавар шар усны үерт автаж, хэд хэдэн хэсэгтээ эвдрэв. 80-81 дэх км орчимд замын нэг урсгал нь тэр чигтээ цөмөрч, автомашин зорчих аргагүйд хүрсэн учир тухайн хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан юм. Албаны хүмүүс тэр үед “Замын баталгаат хугацаа дуусаагүй тул гүйцэтгэгч компани эвдрэлийг өөрсдийн хөрөнгөөр засна” гэсэн бол гүйцэтгэгчид нь “Бид тус чиглэлийн замыг стандартад нийцүүлж тавьсан. Маш их хэмжээний даралттай ус орж ирсэн учраас эвдэрлээ. Авто зам шар усны үерийн нөлөөгөөр эвдрэх нь элбэг” хэмээн ярьсан.
Жишээ-2 Жигжидийн гүүрнээс Шаргаморьтын уулзвар хүртэлх чиглэлд тавьсан дугуйн шинэ зам нэг жилийн нүүр үзэлгүй эвдрэв. Энэхүү замыг нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор барьж, өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Гэвч өнөөх нь зуслангийн чиглэлд зорчигчдын ая даалгүй энд тэндээ хагарч, эвдэрсээр өнгөрсөн хаврын борооноор урсжээ. Хоёр орчим км зам нурж, сүйдсэнийг тэндхийн оршин суугчид хэлж байна.
Жишээ-3 Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Маршалын гүүрний баруун талд, Туул голын урд эргийн дагуу байгуулсан цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн зургаадугаар сард хэд хэдэн удаа хаалгаа барив. Бичил цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар гэх тус газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас байгуулж, 2021 онд ашиглалтад оруулсан ч үүнээс хойш тохижуулах ажлуудыг тасралтгүй хийжээ. Гэвч өнөөх нь нийслэлд жаахан усархаг бороо орох төдийд л “нуур, далай” болж хувиран, зам, талбай нь сүйддэгээс үе үе хаалгаа барьж, засвар хийхэд хүрдэг гэнэ.
Жишээ-4 Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагийг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, замын байгууламжийн хүрээнд нийслэлийн төсвийн 77.8 тэрбум төгрөгөөр барьж буй Яармагийн гүүр ашиглалтад ороогүй байхдаа усанд автаж, тараа таниулав. Эл ажлыг хариуцсан хүмүүс “Гүүрний их бие усанд автаагүй, гүйцэд барьж дуусаагүй байгууламжийн холбоос хэсэг үерт өртсөн, энэ нь цаашдын ажилд ямар нэгэн сөрөг нөлөөгүй” гэдэг тайлбар өгсөн ч холбоос хооронд тулгуур бэхэлгээ хийгээгүй, өндрийг нь дутуу тооцсон, үер ус зэрэг наад захын эрсдэлийн менежментийг хэрэгжүүлээгүй зэрэг төлөвлөлтийн алдаануудыг усны инженерүүд илчилсэн юм. Эл гүүрний ажлыг 2022 онд эхлүүлж, 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч хугацаанд нь дуусгаж чадсангүй. Өдгөө ажил нь зогсонги, гүүрний хэсэг усанд автсан хэвээр байна.
Жишээ-5 Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан урьд урьдынхаас илүү сорилттой, тэмцэлтэй боллоо. Учир нь наадмын зүлэг ногоон дэвжээг “хулхи ногоон”-оор сольсноос бөхчүүд барилдахаас гадна халтирч унахгүйн төлөө тэмцэлдэв. Халтирснаас болж бүтэн жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэгүйдүүлсэн бөхчүүд байхад бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон нь ч бий. Засуул нь хүртэл савж унахыг монголчууд нийтээрээ харсан шүү дээ. Гэтэл “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Ж.Энхжаргалан бөхчүүд, бөхийн хорхойтнуудаас уучлал хүсэх аядаад “Цаг давчуу байсан тул хяналт тавьж чадаагүй, шалгах боломж огт гараагүй” гэсэн тайлбар хэлэв. Төв цэнгэлдэх хүрээлэнд гадна, дотногүй засвар, шинэчлэл хийж байна хэмээн энэ хавар, зунжин сурталчилсан хүмүүс есөн жил болсон хиймэл зүлгийг нь солихдоо барьцалдуулагч резинийг нь мартаж орхисноос ийм хэрэг үүджээ. Өдгөө аймаг, сумуудын ойн баярын барилдаан, тоглолтууд яг үүн шиг “гулсууран” зүлгэн дээр болж байгааг иргэд шүүмжилсээр буй.
Жишээ-6 Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн Улаанбаатар хотод зам засварын ажил хаа сайгүй өрнөсөн. Ямар сайндаа л иргэд “Сонгуулийн саруудад нийслэл хот маань урьд байгаагүйгээр өнгө заслаа” хэмээн хошигноцгоож байв. Гэвч ингэж богино хугацаанд яаруу сандруу тавьсан замууд нь нэг, хоёр борооны дараа тараа тариулж, захаасаа эвдэрсэн юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, “Алтай” хотхоны дундуур болон зүүн уулзварт тавьсан замууд өдгөө шүүрэн шанага шиг болтлоо энд тэндээ хагарч эвдрээд байна. Эвдэрсэн хэсгийн замыг шинжиж үзсэн оршин суугчид “Сонгуульд л зориулж тавьсан үзүүлэн байж” гэцгээх.
Жишээ-7 Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг, Гачууртын шар хоолойд тавьсан явган хүний замын тэмдэг, тэмдэглэгээ хагас жил ч бололгүй арилж, тоосгонууд нь ийш тийш “үсчин” алга болжээ. Уг нь эл замын гол хэсэгт хараагүй иргэдэд зориулсан товгор, шар хавтан суурилуулж, олон улсын стандартын дагуу байгуулсан хэмээж байсан ч өнөөх чиглүүлэгч нь төд удалгүй мөн л ховхроод алга болчихож гэнэ. Үүнийг нүдээрээ үзсэн нэгэн иргэн “Будаг нь арилдаг юм гэхэд ядаж хавтан нь үлдмээр юм” хэмээн гайхширангуй ярив.
Жишээ-8 Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Алтай” хотхоныг “Нарны хороолол”-той холбосон гүүрэн гарцыг энэ оны эхээр ашиглалтад оруулсан. Гэтэл эл байгууламжийг нээсэн өдөр том оврын машин тэгнэгдэн гацсанаас замын хөдөлгөөнийг хэсэг хугацаанд хязгаарлаж байв. Үүний дараа олон нийт нийгмийн сүлжээнд гүүрний өнгө үзэмж, өртөг зардлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шүүмжилсэн бол мэргэжлийн хүмүүс гагнаас, бэхэлгээ зэргийг нь тун болхи болсныг олж хараад “Хэзээ мөдгүй нурж мэдэх эрсдэлтэй” гэсэн юм.
Нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн мэт оромдож хийсэн, ашиглалтын хугацаа нь жилээр биш, сар, өдрөөр хэмжигдэхүйц хэврэг, чанаргүй ажлуудыг дээрх байдлаар нэгд нэгэнгүй тоочин бичвэл сонины зай талбай, цаг хугацаа багагүй шаардахаар байна. Иймд сүүлийн үеийн гэгдэх цөөн жишээг энд эшиллээ. Манай улсад ажлыг чанартай, өндөр түвшинд гүйцэтгэх, эзэн болж, хариуцлагатайгаар хийх тухай ойлголт бүрмөсөн хаягдсаныг эндээс харж болно. Харин аливааг хамгийн нүсэр зардлаар, хамгийн чанаргүй хийх бодлого, жишиг үе залгамжлан амь бөхтэйгөөр нутагшиж буй гэлтэй.
Хэрэв манай улсад стандарт хэрэгждэг, хяналт, хариуцлагын тогтолцоо чанга байсан бол “том толгойтон”-ууд монгол бөхийнхөө торгон ногоон дэвжээг энтертайнмент шоуны зориулалттай зүлгээр солихгүй байлаа.
Хэн, ямар ажлыг оронцоглож хийгээд байна вэ гээд анзаараад, харьцуулаад үзээрэй. Ихэвчлэн төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр хийж буй ажлуудаас энэ байдал тод томруун харагдана. Учир нь манай улсад хараа хяналт, хариуцлагын тогтолцоо сул, дээр, доор, дарга, цэрэггүй “төсвийн мөнгө уйлдаггүй” гэсэн үрэлгэн, “төрийн сан хоосордоггүй” хэмээх ашигч сэтгэлгээтэй. Дээрээс нь өнө хэтээ бус, өнөө маргаашаа бодсон аргацаах, оромдох хандлага нийгэмд зонхилдог. Тиймээс л гудамж, талбайг тохижуулах, зам, гүүр барих хот нийтийн ажлаас эхлээд томоохон бүтээн байгуулалтуудыг ч ор нэрийн төдий хийдэг болсон. Үүний горыг бид нийгмээрээ амсаж, амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө өдөр тутам хохирсоор байгаа. Өнөөгийн Монгол Улс, нийслэл Улаанбаатарын өнгө төрх, орчин нөхцөл бол монголчуудын хариуцлагагүй байдал, аливааг ор нэрийн төдий хийдэг нийтлэг дутагдлын үр дүн юм.
Төсвийн хөрөнгө гэдэг бол угтаа нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төвлөрүүлсэн орлогоос бүрддэг мөнгөн хуримтлал. Тиймээс төсвийн зарцуулалтыг ил тод байлгах, үүгээр санхүүжүүлсэн аливаа ажлыг чанартай гүйцэтгэх, хариуцлагатайгаар хяналт тавих, олон нийтэд тайлагнах нь хэвийн үзэгдэл, нийтлэг жишиг болжээ, олон улсад. Ингэж чадаагүй тохиолдолд хариуцлага тооцдог тогтолцоог ч ямар нэгэн “цоорхой”-гүй бий болгосон байдаг гэнэ. Гамшиг, эрсдэлд тэсвэртэй, иргэндээ ээлтэй хот төлөвлөлтөөр үлгэрлэгч Япон, Өмнөд Солонгос зэрэг улс үүний сайн жишээ юм. Гэтэл манай улсад яг л үүний эсрэг хандлага, жишиг тогтоод байна.
Төсвийн хөрөнгөөр хийж байгаа төрийн ажлууд тендерээсээ эхлээд будилаантдаг. Сонгон шалгаруулалт нээлттэй зарлах нэрийдлээр энд тэндхийн сураггүй сайтуудад, хэн хүнд харагдахааргүй мэдээлэл байршуулсан болоод л хаячихдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа шалгарсан компаниа, хийсэн ажилтай нь хамт танилцуулдаг. Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан, гүйцэтгэлийн шатанд хэн, ямар байдлаар хяналт тавьсан, хэдий хэр хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан, ажлыг нь хүлээж авахдаа ямар шалгуур тавьсан зэрэг хамгийн чухал мэдээллийг нь олон нийтэд ил тод мэдээлдэггүй. Үүний үр дүнд үй олон чанаргүй ажил “мэндэлдэг”. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр иргэд, олон нийт бүх зүйл дууссаны дараа хий хоосон шүүж, хэлэлцэхэд хүрдэг. Тэгээд хэдхэн хоногийн дараа өнөөхөө мартаж орхино. Төрийн байгууллагынхан нь хариуцлага тооцож чаддаггүй, харин ч гар нийлэн чанаргүй ажил хийсэн хүмүүсээ өмөөрөх хандлагатай. Үүний сонгодог жишээ нь энэ жилийн наадмын үндэсний бөхийн барилдааныг “хулхи ногоон”-оор будилаантуулсан “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг загварын шоуны үзүүлэн болгосон “Мишель Амазонка” ХХК болов. Хэрэв манай улсад стандарт хэрэгждэг, хяналт, хариуцлагын тогтолцоо чанга байсан бол “том толгойтон”-ууд монгол бөхийнхөө торгон ногоон дэвжээг энтертайнмент шоуны зориулалттай зүлгээр солихгүй байлаа. Сонгон шалгаруулалтыг ил тод, ашиг сонирхлоос ангид явуулдаг байсан бол олимпын баг тамирчдын хувцас хэрэгслийг урлах давуу эрхийг нэг компанид хоёр дахиа олгож, олон нийтийн таашаалд нийцэмгүй “гоёл”-ыг сонголтгүйгээр тулгахгүй л байсан болов уу. Энэ бүхэн төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн аливаа ажил гажуу замаар явж ирсний илрэл юм. Ажлыг оромдож биш, сэтгэлээсээ, хариуцлагатай хийдэг болох сон доо. Ядаж энэ жишигт ганц, хоёр алхам ч болов ойртох сон.