Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай хэлэлцэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 11-нд товлосон. Хуульд зааснаар бол санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө бүх шатны сонгуулийн хороог байгуулах учиртай. Үүний дагуу Нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн даргаас гадна долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлах саналыг ЗДТГ-аас зөвлөлийн хурлын үеэр танилцуулав. Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг Нийслэлийн сонгуулийн хороонд ажиллуулахаар төлөвлөсөн гэнэ. Тодруулбал, сонгуулийн хороог нийслэлийн ЗДТГ-ын дарга ахалж, нутгийн удирдлагын болон захиргааны байгууллага, Төрийн албаны зөвлөлийн албан хаагчдыг багтаах гэнэ. Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах аж. Уг хурлыг энэ сарын 24-нд хийхээр товложээ.
Ташрамд дурдахад, орон нутгийн хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна. Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар энэ сарын 25-наас өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсныг Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээлэв. Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа, эсэх дүгнэлтийг ирэх есдүгээр сарын 6-наас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм. Нам, эвслүүдийн тухайд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн сарын 25-наас өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн талаарх дүгнэлтийг аудитын байгууллага ирэх сарын 12-ноос өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм байна.
Бэлтгэсэн М.Оч