Цахим орчинд морьт эргүүлүүдийн морийг 112 сая төгрөгөөр худалдаж авсан гэх мэдээлэл цацагдсан. Холбогдох албанаас тодруулахад 12 жилийн өмнө Адууны жүчээ барих, ОХУ-аас “Будейн” үйлдвэрийн 20 тооны адуу худалдан авч, албаны адуун сүргийг бүрдүүлж байсан аж.
Тодруулбал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.5.4 дэх хэсэгт “Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд болон шүүхийн шинжилгээний байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх” гэж заасны дагуу 2010 онд Нийслэлийн аялал жуулчлал, үндэсний онцлогийг харуулсан Морьт эргүүлийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор 112 сая төгрөгийн төсвийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлж, Адууны жүчээ барих зардал, ОХУ-аас “Будейн” үйлдвэрийн 20 тооны адуу худалдан авч, албаны адуун сүргийг бүрдүүлж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мал бордох гэх газар жүчээ байгуулсан бөгөөд тухайн үед хариуцсан нэгж байгаагүй учир Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төв, Нийслэлийн цагдаагийн газарт хариуцуулан улирлын чанартай тус тус үүрэг гүйцэтгүүлж ажиллаж байсан байна.
Одоогийн нөхцөл байдал
Морьт эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн 6, алслагдсан 1 дүүргүүдийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд морьт эргүүлд 15 чиглэлд 30 алба хаагчтайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан Морьт эргүүлийг Монголын түүхэн уламжлалд тулгуурлан гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах чиглэлээр Нийслэл хотын гудамж, талбайд ажиллуулж байна.