Монголын хөл бөмбөгийн дээд лигт анх удаа түрүүлж, аваргаар шалгарсан “Булган СП фалконс” клубийнхэн Азийн хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулах “AFC challenge league” тэмцээний 2024-2025 оны улирлын зүүн бүсийн хэсгийн шатанд өрсөлдөхөөр боллоо. Тус холбооны Зөвлөл гишүүдийн шийдвэрээр клубийн түвшний тэмцээнд өөрчлөлт оруулж, наймдугаар сард эхлэх 2024-2025 оны шинэ улирлаар дөрвөн том тэмцээнийг (AFC champions league elite, AFC women’s cham¬pions league, AFC champions league two, AFC challenge league) шинэчлэгдсэн бүтцийн дагуу зохион байгуулах нь. Тэмцээний сугалаа Азийн хөл бөмбөгийн холбооны төв байр Малайзын нийслэл Куала-Лумпур хотод ирэх сарын 22-нд болно. Аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 2 хүртэл үргэлжлэх Зүүн бүсийн хэсгийн шатанд тоглох зургаан баг хоёр хуваагдаж, хэсгээс гарахын төлөө өрсөлдөх юм.