Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж, жагсаалтаар УИХ-д суудал авах болзлыг таван нам, эвсэл хангасныг танилцуулав. Тодруулбал, МАН 35, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний эвсэл 5.2, ИЗНН таван хувийн санал авсан байна. Мөн нийт сонгогчийн нэгээс илүү хувийн санал авсан нам, эвслүүд төрөөс санхүүжилт авах эрхтэй. Дээрх таваас гадна Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам, Иргэний хөдөлгөөний нам, БНН буюу нийт есөн нам, эвсэл санхүүжилт авах босгыг давжээ. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Нэр дэвшигч хууль зөрчсөн гэх гомдлыг цагдаагийн байгууллагынхан шалгаж, гэм буруутай, эсэхийг нь шүүх эцэслэн тогтооно. Сонгуулийн төв байгууллагад хаягласан гомдол, хүсэлтийг санал хураалтын дүнг танилцуулж эхлэхээс өмнө шийдвэрлэсэн. Санал хураалтын цаг дуусахаас өмнө дараалал үүссэнтэй холбоотой мэдээллийг бидэнд ирүүлээгүй” гэв.
Зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн 18 мянга гаруй сонгогчийн 85 хувь нь оролцсон байна. Мөн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолсон. Хяналтын тооллогын үйл явцад 29 680 ажиглагч хяналт тавьж оролцжээ. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор гарсан дүн, санал тоолох төхөөрөмжийнхөөс зөрсөнгүй. Сонгуулийн хороодод ажиллаж буй төрийн 25 700 албан хаагч УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдод нээлттэйгээр тоолсон байна.
Гадаадаас саналаа өгсөн хүмүүсийн 29.8 хувь нь ХҮН намыг дэмжжээ
Гадаад улсад байгаа иргэд өнгөрсөн сарын 20-23-нд саналаа өгсөн. Нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13 095 сонгогчийн 9768 нь буюу 74.5 хувь нь санал хураалтад оролцсон юм. Эдгээрийг нэгтгэн санал хураалтын өдөр тоолоход 2913 нь буюу 29.8 хувь нь ХҮН, 2302 нь буюу 23.5 хувь нь АН, 1372 нь буюу 14 хувь нь МАН-ыг дэмжсэн байна. Хилийн чанад дахь иргэд энэ удаагийн сонгуульд оролцсон 19 нам, эвсэлд бүгдэд нь ямар нэгэн хэмжээгээр саналаа өгсөн байх агаад Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намыг найм, Монгол консерватив намыг 13, Монголын социал демократ намыг 17 сонгогч дэмжжээ. Харин санал огт тэмдэглээгүй 24, хүчингүй 17 хуудас гарсан байна.
Санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарсны дараа нам, эвслүүдийн удирдлага мэдээлэл хийсэн юм.
“ЭРХ БАРИГЧ НАМЫН БОДЛОГО АСАР ИХ АЛДААТАЙ БАЙСНЫГ ЭНЭ СОНГУУЛЬ ХАРУУЛЛАА”
Л.ГАНТӨМӨР (АН-ын дарга): -АН-ыг дэмжиж саналаа өгсөн сонгогчдодоо талархаж байна. АН парламент дахь 13 суудлаа 43 болгож чадлаа. Бид эв нэгдлээ хангаж оролцохыг эрмэлзсэн. Харамсалтай нь, сонгуулийн өмнө болон дундуур бидний хамтран зүтгэгчид гэх хүмүүс намынхаа эсрэг ажиллан, өрсөлдөгчдөдөө худалдагдсанд харамсаж байна. АН-ыг дэмжсэн сонгогчдынхоо хүсэж мөрөөддөг авлигагүй нийгмийг байгуулан, монголчуудыг ажлын байртай болгохын төлөө бид ажиллана. Манай ард иргэдийн амьдрал ядуу, эрх баригч намын бодлого асар их алдаатай байсныг энэ сонгууль харууллаа. Эрх баригч нам бодлого, үйл ажиллагааг нь дүгнэсэн сонгуульд хүндэтгэлтэй хандаж, алдаагаа засах хэрэгтэй. Бид хүнээ хөгжүүлнэ гэсэн үзэл баримтлалаа хатуу баримтална. Монголыг өрнөөс гаргахгүй бол бид нар үзэхгүй. Парламентын тогтолцоогоо хамгаалахын тулд ажилгүйдлийг арилгаж, авлигыг таслан зогсоохоо амлаж байна. Сонгуулийн явцад маш их булхай, луйвар илэрч, МАН-ын сайд, дарга нар асар их хөрөнгө зарцуулсан ч АН-ынхан тууштай ажиллалаа. Пропорционал тогтолцоог цаашид нутагшуулах хэрэгтэйг энэ сонгууль харуулж байна. Монголчуудын хуваагдал сайн зүйл авчрахгүй. Сонгуулийн үеэр амиа алдсан Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга агсан Баянмөнхийг Чингис хааны одонгоор нөхөн шагнаж байна. Гэр бүлд нь Өвөрхангай аймгийн төвд хоёр өрөө байр олгоно. Уг хэргийг үнэн зөвөөр шийднэ гэж найдаж байна.
“АРД ТҮМНИЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛЖ БАЙНА”
Л.ОЮУН-ЭРДЭНЭ (МАН-ын дарга): -Сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгч, эрхээ эдэлсэн ард иргэддээ талархаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шинэ 30 жилийг эхлүүлэхээр улс төрийн намууд зөвшилцөж, тогтолцооны өөрчлөлтийг хийж чадсан. Парламент ард түмнээс хол байдаг, АН, МАН-аас өөр нам орж ирж чаддаггүй, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогч, ажилтнуудын болон багш, эмч нарын төлөөлөл сонгогдохгүй байсаар 34 жил өнгөрлөө. Өдгөө бид анх удаа 126 гишүүнтэй УИХ-ыг бүрдүүлж, нийгмийн дуу хоолой болсон төлөөлөл бүхий ард түмний парламент байгуулж байна. 76 “дарга” сонгодог байсан тогтолцоо зөвхөн нутаг дэвсгэрийн төлөөллийн зарчимд тулгуурлаж ирсэн. Тэгвэл одоо нутаг дэвсгэрийн болон тал бүрийн төлөөллийг багтаасан парламент бүрдэх нь. 5-6 намын төлөөлөл парламентад орж ирж байна. Энэ бол ардчилалд шинэ хуудас нээж байгаа хэрэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад оролцсон энэ удаагийн парламентын бүх гишүүнд талархал илэрхийлэх нь зүйтэй. МАН урьдчилсан байдлаар 68-70 суудал авч, ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт. Тогтолцооны реформ, үзэл санааны шинэчлэл хэрэгжиж байгаагаараа парламентын түүхэнд чухал үйл явдал болж үлдэнэ. Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Намуудын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүдийг байгуулна. Тэд үзэл баримтлалаараа мэтгэлцэн, ард түмний санал гээгдэхгүй.
“МОНГОЛЫН ТӨРД ЯАХ АРГАГҮЙ ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ”
Н.НОМТОЙБАЯР (Үндэсний эвслийн тэргүүн): -Биднийг дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлье. Үзэл бодлын хувьд өрсөлдсөн нам, эвсэл, бие даагчдадаа баярлалаа. Мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчдод ч талархаж байна. Бид үзэл бодлын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахын төлөө хичээх болно. Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон хоёр дахь давлагаа эхэлж байна. Үндэсний эвслийг дэмжиж саналаа өгсөн, үндэстнээрээ баяжих бодлогыг дэмжигч хэн бүхэнд баярлалаа. Үндэсний эвслийн улс төрийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Хуульд заасан босгыг давснаар цөөн суудал авах болзол хангалаа. Гэхдээ цөөн хэдэн суудалтай байлаа ч бид урдаа тавьсан зорилго, хэрэгжүүлье гэсэн ажлынхаа ард гарахын төлөө ажиллана. Монголын төрд яах аргагүй хяналт хэрэгтэй. Үүнийг миний бие манлайлна. Иргэдийнхээ сайн сайхан, Монгол эх орныхоо төлөө эр зориг гарган тойрогт нэр дэвшсэн хүмүүстээ талархаж байна. Хэдий байгуулагдаад гуравхан сар болсон ч цаашид хамтдаа явах багаа бүрдүүлж чадлаа. УИХ-ын сонгуулийн босго даваад тэнцвэргүй тулаанд өрсөлдөнө гэдэг амаргүй. Ялангуяа хууль хүчний байгууллагууд алхам тутамд минь дэгээ тавьж байна. Бүх талаар хянаж, шалгалаа. Сүүлд хэвлэлд хандахдаа ноцтой асуудлуудын талаар ярьсан, баримтууд нь бий. Монголын сонгууль элдэв луйваргүй, хууль зөрчиж, хар пиараар өрсөлддөггүй тогтолцооны төлөө Үндэсний эвсэл ажиллана.
“УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАХИН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ”
(Т.ДОРЖХАНД (ХҮН намын дарга): -Манай нам энэ сонгуульд дөрвөн жил бэлд сэн. Сонгуулийн үр дүнгээр тойргийн хэмжээнд 635, жагсаалтаар 151 мянган сонгогч биднийг дэмжиж, гадаадад оршин суугаа монголчууд хамгийн их саналыг манай намд өглөө. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтолцоог өөрчлөөгүй бол Монгол Улсад нэг намын систем тогтоно. Парламентад нийгмийн төлөөллүүдийг оруулж, улс төрийн хүчнүүдийг бий болгох нь ардчиллыг хамгаалах, тусгаар тогтнолыг бэхжүүлэх учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бид хичээж, манлайлж, шахаж ажилласан. Үр дүнд нь парламентад таван улс төрийн хүчин орж ирлээ. Цаашид олон болох хүлээлттэй байна. Энэ удаа парламентад орж ирж буй хүчнүүд бодлого, мэтгэлцээнээр иргэдийн төлөөлөл болж ажиллаасай. ИЗНН, Үндэсний эвслийн хувьд тойргоос биш, жагсаалтаар УИХ-д суудалтай болж байна. Энэ нь тойргийн тогтолцоогоор мөнгөний сонгууль өрнүүлдэг, сүлжээ үүсгэдэг, хатуу гишүүнчлэлийг бий болгодог ХХ зууны социалист загварт тулгуурласан хэв маягийг үргэлжлүүлэх гээд байгаагийн илрэл юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг дахин өөрчилж, пропорционал хувилбарын эзлэх байр суурийг илүү болгон, залуучууд, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг парламентад оруулах шаардлагатай нь эндээс харагдаж байна. УИХ-д суудал авч буй нам, эвслүүдэд “Монгол Улс ялдаг” тогтолцоо руу дахин том алхах цаг нь болсныг сануулъя. ХҮН нам 80 суудалтай юм шиг манлайлж ажиллана.
“35 НАМ БҮГД НЭГДСЭН БОЛ УЛС ТӨРИЙН ЦОО ШИНЭ ХҮЧИН БОЛОХ БАЙВ”
Б.БАТБААТАР (ИЗНН-ын дарга): -ИЗНН-ыг дэмжиж, саналаа өгсөн сонгогчдодоо баярлалаа. Манайх минималист, эко, шударга ёс, ардчиллын төлөө нам. ИЗНН-аас тойрогт 59, намын жагсаалтаар 12 хүн нэр дэвшсэн. Санал хураалтаар 269.4 мянган хүн манай намд саналаа өгсөн. Бид сонгуульд иргэддээ, мөрийн хөтөлбөртөө итгэсэн. Өнгөрсөн оны аравдугаар сарын 23-нд миний бие Дээд шүүхэд ИЗНН-ын даргаар бүртгүүлэн, богино хугацаанд мэрийн ажиллалаа. Энэ хугацаанд МАН, АН-аас бусад 35 намаас УИХ-ын сонгуульд хамтарч оролцохыг уриалсан. 35 нам бүгд нэгдээд оролцсон бол улс төрийн цоо шинэ хүчин болох байв. Харамсалтай нь, нэгдэж чадсангүй. Монголын ард түмэн ИЗНН-ыг мартаагүй, дэмждэгээ илэрхийлэн саналаа өглөө. ИЗНН хулгай, худал хуудуутай явдалд оролцож байгаагүй. Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн С.Зориг агсны захиж хэлснийг үргэлжлүүлэн ажиллана. Аравдугаар сард болох аймаг, сум, нийслэлийн төлөөлөгчдийн сонгуульд ИЗНН-аас иргэний зориг гарган нэр дэвшихийг иргэддээ уриалж байна. Манай агаар нь цэвэр, шударга ёс, дүрэм журам нь бүгдэд нээлттэй байх болно. Бид итгэлийг тань хариуцлагаар үүрэх болно.