Сонгуулийн үеэр илэрсэн зөрчлийн талаар АН-ын төв штабаас мэдээлэл хийлээ. АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Иргэдийн 53.4 хувь нь саналаа өгчээ. Саналын ирц нь өмнөх үеийн сонгуулиудтай харьцуулахад өндөр байна. Гэвч хэд хэдэн зөрчил илэрч байна. Нэгдүгээрт, санал өгөхдөө санаатайгаар 30 минут болж, түгжрэл үүсгэх тохиолдол гарлаа. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Мөн Орхон аймгийн зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангийн цэргүүдийг МАН-аас нэр дэвшигчдийн нэрийг бичиж өгөн, санал авах байр руу оруулсан байсан нь үйлдэл дээрээ баригдсан. Ганцхан Орхон аймаг бус Сэлэнгэ аймгийн зэвсэгт хүчинд алба хааж буй цэргүүдийг бөөн бөөнөөр ачиж, МАН-д санал өг гэж үүрэгдсэн мэдээлэл байна. Монгол төрийн сонгууль нь хэн нэгний командлалаар явдаг зүйл биш. Үүнийг Тагнуулын Ерөнхий газарт хандаж, шалгуулна. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт төрийн байгуулагын ажилтнуудыг ашигласан зөрчил илэрсэн. Тодруулбал, Түргэний машиныг ашиглаж, чанга яригчаар албан ёсны зар тараасан. Энэ талар Цагдаагийн байгуулагад мэдээлэл өгч, холбогдох этгээдийг 20 сая төгрөгөөр торгосон юм. Бид 21 аймаг 9 дүүрэг УИХ-ын 13 тойрог дээр болсон хууль бус зүйлийг баримттайгаар мэдээлж байна. Хууль бусаар төрийн эрхийг авах үйлдэл гарсаар байна. Түүнчлэн, Монгол төрийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж, тараасан үйлдэл гарсан. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэх газар хэвлэсэн мөнгө салхинд хийсэж буй дүр зураг гарч байна. Мөн Говьсүмбэр баймгийн ИТХ-ын дарга Бэлэгсүмбэрэл машинаараа мөнгө тарааж байхдаа газар дээрээ баригдсан. Сонгууль болоход хэдхэн цаг дутуу байхад дээрх зөрчил үйлдэгдсэн. БЗД-ийн наймдугаар санал авах байранд сонгогчдын санал өгч буй төхөөрөмжийн дээр камер суурилуулжээ. Энэ бол Сонгуулийн тухай хуулийг зөрчиж буй үйлдэл. Энэ мэтээр иргэдийн санал өгөх эрхэд халдсан хууль бус үйлдэл илэрснийг АН-аас баримттайгаар олон нийтэд мэдээлж байна” гэлээ.