17 Цагийн байдлаар 1 сая гаруй иргэн УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгчээ. Ингэснээр сонгуулийн ирц 48.1 хувьд хүрлээ. Хамгийн өндөр ирцтэй аймаг Говь-Алтай 56.7 хувь, хамгийн өндөр ирцтэй дүүрэг Багахангай 52 хувийн ирцтэй байна. Нийт саналаа өгсөн иргэдийн 51 хувь нь эмэгтэйчүүд аж.
Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж “Нийт 1104 гомдол, мэдээлэл ирсний нийслэлд 656, орон нутагт 439 бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй 420, зөрчлийн 684 мэдээллийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 130 мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй, нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараасан зөрчил түгээмэл илэрч байна. Мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан зөрчил ч гарсан. Хуулийн хүрээнд холбогдох шалгалт явуулж байна” гэв.
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Шуурхай удирдлагын баг ажиллаж байна. Долоон санал тоолох төхөөрөмжийг нөөц төхөөрөмжөөр сольсон. Дээрх төхөөрөмжүүд гацаж, бохирдсан байсан. 2024 оны УИХ-ын сонгуулийн санал авах нийт 2789 үндсэн төхөөрөмжийг байршуулсан. Мөн 154 төхөөрөмжийг нөөцөлсөн. Түүнчлэн тавдугаар сургуулийн байранд төхөөрөмж задалсан гэх мэдээлэл дуудлага огт ирээгүй. Сонгуулийн санал авах хэсгээс тодруулахад ямарч гацсан тохиолдол гараагүй гэсэн. Тиймээс сошиалд цацсан дээрх мэдээлэл төөрөгдүүлсэн мэдээлэл байна” хэмээн онцлов.