Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна. Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1338 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг нэгтгэсэн аравдугаар тойрогт улс төрийн 18 нам, эвслийн 91 нэр дэвшигч, нэг бие даагч буюу нийт 92 хүн өрсөлдөж байна. Эл тойргийн сонгогчдын саналын хуудасны хамгийн эхэнд эрх баригч намын нэр дэвшигч Н.Учрал гэж бий. “Их засаг” их сургуулийн өв залгамжлагч, рэппэр Тимон гэдгээр ихэд танигдсан тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад зөвлөхөөр нь ажилласнаар улс төрд хөл тавьсан нэгэн. Энэ бол арваад жилийн өмнөх явдал. Өдгөө тэр УИХ-д хоёр удаа сонгогдчихсон, парламентад Цахим бодлогын түр хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог анх байгуулахад аль алиных нь даргаар ажиллаж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болтлоо “дэвшиж”, бас давшиж. Энэ ч утгаараа түүнийг “цахим хөгжлийн” гэх тодотгол дагаж буй ч мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт хосгүй сайн ажилласан хэмээн үнэлбэл хий хөөргөсөн болох биз.
Өнгөрсөн хоёр сонгуулиар Сонгинохайрханд “босоо” байсан түүнийг найман жилийн турш “цэнхэртсэн” Сүхбаатар дүүргийг тохинуул хэмээн “томилж”, намын хороог нь удирдуулахаар илгээсэн гэдэг. Тэр итгэлийг нь хэр дааж, түүний удирдсан баг намдаа хэдэн суудал авчрахыг харах мөч ойртож байна. Н.Учрал бол Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг (Ерөнхийлөгч хориг тавьснаар хүчингүй болсон) санаачлан батлуулсан “коммунист”, ЖДҮХС-гаас зээл авсан нь илэрмэгц төлж бултсан “боломж хулгайлагч” гэдгийг нь бас бодолцож саналаа өгөхөө мэдэж буй биз ээ, сонгогчид.
МАН-ын нэр дэвшигчдийн нэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 2006 онд нийслэлийн намын хороонд ажилласнаар улс төртэй холбогдож. Эрх барьж буй намын “тогоо”-нд 20 шахам жил чанагдсаны хувьд тооноор орж ирсэн Г.Дашням гэх мэттэй харьцуулж боломгүй ч ажлын арга барил нь хэт хуучинсаг, захиргаадах маягаар удирддаг гэх юм билээ. Г.Дашням нь бас энэ намаас түүнтэй хамт нэр дэвшигч юм. “Jet” скүүтерийг үүсгэн байгуулагч, “Жимобайл”-ын ТУЗ-ийн дарга, “Магнай трейд”-ийн Р.Ганзоригийн хүү гэх “гуншин”-гаас өөр зүйлгүй тэрбээр МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан нь 2021-2022 он байх жишээтэй. Н.Учрал улаан нүүрээрээ хамгаалж, зүтгүүлсээр нэр дэвших эрхтэй “болгосон” түүнийг “тооноор орж ирсэн” гэж тодорхойлох нь ч зүйн хэрэг мэт. Тэрбээр сурталчилгааны явцад өрсөлдөгч намын нэр дэвшигчээ англи, монголоор хараан зүхэж тавтиргүйтсэнээр тараа таниулав. Баян айлын бардам, сагсуу “бацаан”-уудын бодож, мөрөөдөж, тэр нь бодит биеллээ олж, орж тухалдаг газар нь УИХ баймааргүй санж.
Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн “бүтээгдэхүүн”, мэргэшсэн дипломатч, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороог удирдаж явсанД.Цогтбаатар сонгогдсон тойрог Сүхбаатар дүүрэгтээ гурав дахь удаагаа өрсөлдөж байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллахдаа олон зүйл рүү үсчилгүй, гадаад харилцаа, дипломат бодлого, хууль зүй, тэр дундаа хүний эрхийн чиглэлээр тууштай дуугарч ирсэн билээ. Харин түүнээс тэс өөр “төрөл”-ийн хүн бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Мэдэхгүй зүйлгүй мэт мэдэмхийрдэг, олон “ажил”-д оролцсон гэж харагдахыг илүүд үздэг тэрбээр хоёр парламент дамжин суусан ч хууль тогтоогчийнхоо хувьд “автор” тавих “юм”-аар маруухан нэгэн. Сэтгүүлч гэдгээрээ улс төрд хөл тавьсан түүнд өнгөрсөн найман жил чамлалттай байгаа ч шинэ цагийн сонгогчид М.Оюунчимэгээс ондоо дүр хүлээж буйг ойлгоосой. МАН-ын нэр дэвшигчдийн нэг О.Батнайрамдал нь “Unlock” подкастыг үүсгэн байгуулагчдын нэг, “Ховдоос Харвард руу” номын зохиогч гэдгээрээ илүүтэй танигдаж, Боловсролын зээлийн сангийн зарцуулалт, эргэн төлөлтийн талаар мэдээлж, шаардаж байсан билээ.
АН-аас тус тойрогт хуульч, тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр дэвшиж буй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байхдаа тэрбээр Шилэн дансны, Нийтийн сонсголын болон Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулж, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан гэдэг. Хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэгчлэн хууль батлуулж хүртэл хулгай хийдэг болсон энэ цагт түүн шиг хуульч төрд хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд АН-ынхан өөр хоорондоо тэмцэлдэж байхад намынхнаа сөрөг хүчин шиг ажиллахыг уриалж, бас шаардаж байсан цөөн хүний нэг И.Мөнхжаргал мөн энэ тойрогт өрсөлдөж буй. Түүнчлэн Сүхбаатар дүүргийг сүүлийн найман жилийн турш удирдаж буй Засаг дарга Х.Болормаад дүүргийнхэн нь ам сайтай юм билээ. Мөн тус дүүргийн Засаг дарга асан, 2012 оноос хойш нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Бадарсан, “Лектор” төвийг үүсгэн байгуулснаас авхуулаад нийслэлийн Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан Ц.Баатархүү, МАХН-аас УИХ-д сонгогдохдоо ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн идэвхтэй ажиллаж, сөрөг хүчний дуу хоолой болж чадсан О.Баасанхүү нарын зургаан нэр дэвшигчийг АН-ынхан “зөв зургаа” хэмээн тодорхойлсон байна лээ.
Үндэсний эвслээс дөрвөн хүн нэр дэвшүүлсэн ч П.Баярхүү, Д.Ганболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэхгүй байсаар сурталчилгааны хугацааны тал нь өнгөрсөн юм. Тэдний хувьд МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан бөгөөд П.Баярхүү нь нийслэлийн Засаг даргын орлогч, Д.Ганболд нь УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга байсан билээ. ХҮН намаас “Гэрэгэ системс” компанийг үүсгэн байгуулагч, мэдээллийн технологийн инженер Ц.Эрдэнэбат, “Сайхан дент” эмнэлгийн ерөнхий захирал Д.Батсайхан, “Бүүвэй кашмер”-ийг үүсгэн байгуулагч Р.Бадмаанямбуу, АШУҮИС-ийн багш Д.Энхжаргал, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нарыг сойж.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан намынхаа гурван гишүүний хамт өрсөлдөж буй бол “Talk talk еnglish” төвийг үүсгэн байгуулагч Ч.Амарсанаа нарын зургаан хүнийг Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшүүлсэн байна. Мөн “Нью урбанизм” ХХК-ийн захирал З.Туяа, салхин сэнс, эрчим хүчний аюулгүй байдлын инженер Х.Зориг, Монголын бодибилдинг фитнесийн холбооны ерөнхийлөгч Т.Өгөөмөрзаяа зэрэг зургаан хүн Иргэдийн оролцооны нэгдэл намаас өрсөлдөх нь.