Н.Номтойбаярын удирдаж буй Үндэсний эвсэлийн байранд цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. Энэ талаар тус эвслээс байр сууриа илэрхийллээ.
“Үндэсний эвсэл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа: “Аливаа зүйл нээлттэй байх ёстой. Биднийг ажлаа явуулж байхад гомдол ирсэн хэмээн "Neguun.mn"-ий зүгээс өнөө өглөө мэдээлэл хийсэн. Иймд нийт хэвлэл мэдээллийхэнд манай эвсэл үйл ажиллагаагаа танилцуулъя гэж бодлоо. Өнөөдөр "Neguun.mn" сайтын зүгээс хятад ажилчид, тролл баг ажиллаж байна гэлээ. Сонгуулийн хуулиараа тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс өөрсдийн ухуулагч, шадар туслахуудаа ажилллуулах эрхтэй. Штабынхан ч сонгуулийн ажилтанг авч ажлуулах эрхтэй. Бид ажилчдаа бүртгүүлээд ажиллаж байгаа. Бүх зүйл хуулинд нийцэж байгаа. Та бүхэн штабтай нээлттэй танилцаарай. Ямар нэгэн хятад ажилтан, гадны хэн нэгэн байхгүйг хариуцлагатай мэдэгдье. 21 дүгээр зуунд цахим үйл ажиллагаа явуулах нь нээлттэй. 13 тойрог буюу Монгол Улсын 21 ааймаг, 9 дүүрэгт бид ажиллаж байна. Яаж хүрэх вэ гэхээр цахим харилцаа холбоо. Олон мянган туслах, ухуулагч нар ажиллаж байгаа. Бага талбайд олон хүн ажиллуулахын төлөө зорьж байна. Утсан холбоо буюу оператор, фэйсбүүк, твиттерээр контентоо түгээж байна.
Албан ёсоор хэлэхэд өнөөдөр "Үндэсний эвсэл"-ийн штабд гадаад хүн байхгүй. "Neguun.mn" сайтын сэтгүүлчид хардах эрх бий. Та бүхэн мэргэжлийн байгууллагад шалгуулаарай. Бид эх оронч байя гэж байгаа бол орос, хятадаас хамааралтай сонгууль явуулна гэдэг маш буруу зүйл.
Эрх баригч нам цагдаагийн байгууллагаа томилж байгаа. Ер нь иргэний амь нас, эд хөрөнгөд ноцтой аюул учруулах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, нотлох баримт үрэгдэх аюул байгаа үед хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрхтэй. Дээрхээс бусад үед бидний эрхэд халдах ёсгүй. Сонгуулийн рейтинг өндөр байгаа тул эрх мэдэлтнүүд хойшлуулшгүй ажиллагаа гэх нэрэн дор манай штабын үйл ажиллагааг зогсоож байна. Манай штаб хууль бус үйл ажиллагаа явуулаагүй” гэв.