Монголын модон барилдааны холбоо арван нэг дэх жилийнхээ ойн босгон дээр иж бүрэн тоноглолтой спортын шинэ заалтай болж, нээлтээ хийлээ. Тус холбооны тамирчдын заалыг нээхэд хувь нэмэр оруулсан “Srp rising” группийн удирдлага С.Бэхтулга, Г.Солонго болон Хэнтий аймгийн модон барилдааны спортын салбар холбооны тэргүүн Д.Энхбаатар нар баг тамирчид, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдэд талархсанаа илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ОХУ-ын Саха улсын Якутск хотод энэ сарын 25-наас ирэх сарын 7 хүртэл үргэлжлэх “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VIII их наадмын модон барилдааны төрөлд улсаа төлөөлж оролцох баг тамирчдад амжилт хүсээд, үдэж мордуулав. Тус наадмын модон барилдааны тэмцээнийг олон улсын шүүгч Б.Даариймаа, улсын шүүгч Т.Галцэцэг нар дэнслэх бол ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч С.Тэлмэн ажиллах юм.