МУИС-ийн Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвөөс “Nomateck ICMSN-2024” олон улсын материал судлал, нанотехнологийн хурлыг ирэх сарын 7-9-нд зохион байгуулахаар болжээ. Тус хурлын хүрээнд материал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгааг хэлэлцэж, тэдгээрийн хэрэглээг судлах, таниулах зорилготой гэнэ. Түүнчлэн үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготойг зохион байгуулагчид нь онцоллоо. Хурлын үеэр олон улсын болон дотоодын эрдэмтэд залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлж, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцаж, харилцан туршлага солилцох боломжтой аж. Мөн тус хуралд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Константин Новоселов оролцохоор болжээ. Тэрбээр 2004 онд “Графен” буюу нэг атомын зузаантай, нүүрстөрөгчийн атомоос тогтсон, хоёр хэмжээст материалыг туршилтаар гарган авч байсан юм.
Бэлтгэсэн: У.Ананд