Тогтолцооны гажуудал гэж юу вэ, ер байна уу, байдаг бол хэн, хэрхэн бий болгов гэдэг сэдвийг хөндөхийг хүслээ.
1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш улс орон маань улс төр, эдийн засаг, нийгмийн хувьд хөгжлийн ээдрээ төвөгтэй, онож алдсан олон үе шатыг туулсаар өнөөдрийг хүрч байна. Гэвч улс орны хөгжлийн энэ 30 гаруй жилийн хугацаанд яг өнөөгийнх шиг хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүгдээрээ шүүх засаглал руу довтолж, тэр дундаа улс төрчид нь олон нийтийг шүүх засаглалын эсрэг турхирч харлуулж байсан үе бараг байгаагүй. Сүүлийнүедулстөрчдийнзүгээсиймхандлагагаргахболсон. Гэтэл ийнхүү авирлаж буй улс төрчид амьдралдаа ядаж нэг удаа эрүү, иргэн, захиргааны хэргийг хэлэлцэн шийдвэрлэж үзсэн бил үү. Эвийн журмаар асуудлаа шийдэх боломжгүй нөхцөлд шүүх, хуулийн байгууллагад хүмүүс ханддагийг, тэдний амьдралын асуудлыг маш нухацтайгаар тунгааж, эрхийг нь зөрчихгүй шийдэх ёстойг, жилдээ 300-500 хэргийг, долоо хоногтоо 8-9 шүүх хуралдаан хийж шийдвэрлэдгийг, нэг хэргийн цаана хэдэн төрлийн, ямар ажиллагаа явагддагийг, ажлын ачаалал гэж юуг хэлдгийг ер нь мэддэг болов уу, энэ хууль тогтоогчид, сайд, дарга нар.
УИХ-ын гишүүдийн ч, энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийн ч бүрэлдэхүүнийг харахад шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байсан нэг ч хүн байхгүй. Тийм атал тэд амьдралдаа туулж өнгөрөөгүй, огтоос судлаагүй зүйлээ гарцаагүй мэдэж байгаа юм шиг барим тавим ярьж, олон нийтийг шүүх эрх мэдлийн байгууллагуудтай эсрэгцүүлж яаж чаддаг байна аа гэдэгт асуудлын гол байгаа юм. Гайхалтай хэрэг шүү.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчийг засаглаж байх үедээ шүүхийг “гартаа авсан” гээд л өнөөгийн засаг баригчид, сэтгүүлчид, зарим иргэн ихэд шүүмжлэн хэлэлцэх болсон. Ер нь улс төрчид шүүх эрх мэдлийг эрх баригчдын нөлөөнд хамаатуулах аливаа оролдлого огт хийдэггүй гэж үү. Үүн шиг худал зүйл үгүй. Харин ч шүүх засаглалд, хуулийн байгууллагуудад нөлөөлж чаддаг байхыг хамгийн их хүсэж, түүнийхээ төлөө тогтмол оролдлого хийж явдаг хүмүүс нь мань улс төрчид өөрсдөө юм. Тиймдээ ч одоо цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг жинхэнэ утгаар нь “самарч”, тагнуул, хил хамгаалах байгууллага руу гүйцэтгэх засаглалаар дамжуулан төлөөллөө шургуулдаг. Харин хуульд өөрчлөлт оруулах замаар шүүх, прокурорын байгууллага руу нөлөөгөө бэхжүүлдэг хэв маягтай болсон нь нэгэнт нүднээ ил харагдаж буй. Бид ч үүнд нь дасах шинжтэй.
Монгол Улсын Үндсэн хуульд эрх мэдэл хуваарилах гэдэг суурь зарчим бий. Гэтэл шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусдаа, тэдэнтэй ижил түвшинд бие даасан байж чадаж байна уу. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн ... Дөчиндолдугаар зүйл, Дөчинесдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэж заасан байдаг.
Энэ заалтын талаар Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Д.Одбаяр “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц” бүтээлдээ “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсанаар манай эрх зүйд “Үндсэн хуулийн үндсэн бүтэц” хэмээх нэр томьёо шинээр бий болсон гэж үзэж болно.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дээрх заалтыг Үндсэн хуулийн хүчин чадалтай заалт гэж үзэх нь онолын хувьд илүү тохиромжтой мэт санагдана. Учир нь Үндсэн хуульд байгаа хэзээ ч өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтын талаар нэлээд улс оронд Үндсэн хуульдаа тусгасан байдаг тухай дээр дурдсан билээ” хэмээжээ. Үндсэн хуулийн 47.1-т “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 47.2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, 47.3-т “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна” гэж заасан байдаг.
2016-2020 онд ажиллаж байсан парламент Үндсэн хуулийн “...өөрчлөлт оруулж үл болно” гэсэн заалтад 2019 онд хэд хэдэн өөрчлөлт оруулсны нэг нь шүүхийг, шүүгчийг “шүүдэг” Сахилгын хороо гээчийг Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага болгон шинээр нэмж тусгасан явдал. Энэ Сахилгын хорооны есөн гишүүний тав буюу олонхыг нь “нээлттэй сонгон шалгаруулалт” гэсэн гоё нэртэй халхавчаар хэлэлцсэн нэр зүүж, мөнөөх л улс төрчид өөрсдөө буюу УИХ томилдог болсон юм.
Бас 49.5 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэхээр тусгаснаас үзэхэд тэнцвэртэй байдал харагдана. Харин Сахилгын хорооны есөн гишүүний олонхыг улс төрчид шууд сонгохоор шийдвэрлэсэн нь ялгаатай харагдахгүй байна гэж үү.
Өрнөж буй үйл явцыг “Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад л суугаа” гэхэд нэг их буруудахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуулийг өөрчлөх ажлыг АН-ынхан засаг барьж байх үедээ 2012 онд зохион байгуулж, дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүх шүүгчийг чөлөөлж, дахин томилохдоо 17-г нь “мартсан” бол МАН засаглах үедээ бүр Үндсэн хуульд суурь зарчмыг нь зөрчсөн өөрчлөлт оруулаад, “шүүхийг шүүдэг шүүх”-ийг тогтолцоон дотор нь байгуулах замаар шүүх эрх мэдэлд нөлөөний хүрээгээ бэхжүүлжээ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тунхагласантай зөрчилдчихөөд байгааг үүнийг батлалцсан улс төрчид маань мэдэж байгаа болов уу. Ийнхүү тунгаан бодоход, мань улс төрчдөд тогтолцоо, Үндсэн хуулийн зарчим огтоос чухал биш, ерөөс улс төрийн, намын, хамаардаг бүлэглэлийнх нь эрх ашиг л чухал гэсэн хариулт харагдана.
2021 онд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан атлаа гуравхан жил ч болоогүй байхад, 2024 оны сонгуулийн өмнөхөн тухайн хуулиа дахин “яаралтай горим”-оор өөрчилчихөж байгаа юм.
Хууль тогтоох үйл ажиллагаа нь судлах, нэгтгэх гэх зэргээр тодорхой үе шатыг дамжиж, хэлэлцсэний эцэст батлагдах ёстой боловч цар тахлын үеэс хойш “яаралтай горим” хэмээх үзэгдэл Монгол Улсын парламентын түүхэнд нэгэн онцлог, бас түгээмэл үзэгдэл болон тогтсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “зүүдэлж сэрэх”-ээрээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг гэмт хэрэг гэж үзэх Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд “цоо шинэ” нээлт хийх, тэр ч бүү хэл, Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хүртэл “яаралтай горим”-оор хэлэлцдэг болсон “түүхэн” цаг үед бид амьдарч байна. Үндсэн хуулийн байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааг зохицуулах хуулийг “яаралтай” ангилалд хамруулна гэдэг үнэхээр гайхалтай. Зүй нь судалгаа хийж, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын байр суурийг сонсож, хэлэлцүүлбэл урт удаан, тогтвортой үйлчлэх хууль батлагдах учиртай.
“Яаралтай горим” гээчийнхээ учрыг ч бас сайтар ойлгоогүй л бололтой. Гэнэт бий болсон цаг үеийн асуудал, байгалийн үзэгдэл, онцгой байдал үүссэнийг “яаралтай горим”-оор хэлэлцэх ёстой юу, нийгмийн урт удаан хугацааны харил цааг зохицуулах хуулийг ул суурьтай, судал гаатайгаар хэлэлцэж батлахад энэ нь зохимжтой юу.
Хууль зүйн шинжлэх ухааны болон философийн ухааны доктор Н.Лүндэндоржийн 2022 онд нийтийн хүртээл болгосон “Монгол Улсын Үндсэн хууль, шинжлэх ухааны тайлбар” бүтээлийн 791 дэх талд “Үндсэн хуулийн зохицуулалт шаардсан асуудлыг парламент тогтоох нь зүйн хэрэг боловч түүнээс гадуур төрийн эрх мэдэл хоорондын хяналт, тэнцвэртэй шууд холбоотой Үндсэн хуулиар зохицуулах ёстой асуудлыг парламентын олонход дангаар үлдээж, мэдүүлэх нь Үндсэн хуульт ёсны зарчимд нийцэхгүйг сануулах үүднээс ийнхүү онцлов” гэснийг энд эш татаж, хэрхэн тунгаахыг уншигч эрхэм та бүхний мэргэн оюунд үлдээе.