Монголын буудлага спорт холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ найман өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулав. Бид өмнөх дугаартаа ангилал тус бүрт медаль гардсан тамирчдын талаар мэдээлсэн. Дээрх тэмцээний сүүлчийн өдөр 50 метрийн гурван байдлын дасгалын өрсөлдөөн өрнөв. Энэ удаа эрэгтэйчүүдээс “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Эрхэмбаяр улсын аваргаар тодорлоо. Түүнтэй тэргүүн байрын төлөө онч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин Н.Баяраа мөнгө, Орхон аймгийн буудагч ОУХМ Д.Лхагвасүрэн хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс О.Есүгэн (“Хүч” спорт хороо) түрүүлж, Т.Золжаргал (Орхон аймаг) удаалан, Г.Нандинзаяа (“Хүч” спорт хороо) хүрэл медаль зүүсэн юм. Байгууллагын нэгдсэн дүнгээр “Алдар” спорт хорооныхон 120 оноогоор тэргүүн байрт шалгарч, шилдэг буудагчтай гэдгээ батлан харуулав. Орхон аймгийнхан 142 оноогоор дэд, “Хүч” спорт хорооныхон 180 оноогоор III байр эзэлжээ.