Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах бэлтгэл хангагдсаныг сонгуулийн төв байгууллагаас уламжлав. УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг энэ сарын 20-23-нд авах бөгөөд 13 095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Тэдгээрээс БНСУ-д 2983, АНУ-д 1862, Японд 1441, Австралид 1282 сонгогч бүртгүүлсэн нь хамгийн олон бол Египет, Кувейтэд 12 хүн саналаа өгөхөөр байгаа нь хамгийн цөөн аж. Бүртгэлийг энэ удаа цахимаар зохион байгуулснаар УИХ-ын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөх сонгогчийн тоо гурав дахин өсжээ. Тухайн үед 4276 иргэн бүртгүүлж, 65 хувь нь оролцож байж. Харин Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 7394 хүн бүртгүүлж, 75.3 хувь нь саналаа өгсөн нь хамгийн өндөр үзүүлэлт гэж болно. Түүнчлэн Төрийн тэргүүнийг сонгосон 2017 оны сонгуулиар хоёр дахиа санал хураахад бүртгүүлсэн хүмүүсийн 37 хувь нь л санал хураалтад оролцож байв. Тиймээс хилийн чанадад амьдарч буй иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг СЕХ-ноо суриаллаа.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан иргэн дээрх өдрүүдэд тухайн орон нутгийнхаа 07.00-22.00 цагт Элчин сайдын яам, Ерөнхий консулын болон Консулын газарт очиж саналаа өгөх юм. Ингэхдээ гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагатай. Гадаад улсад байгаа сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох буюу улс төрийн нам, эвсэлд саналаа өгнө. СЕХ-ноос саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан салбар комиссуудад хүргүүлсэн бөгөөд дипломат төлөөлөгчийн газрууд сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг хангасан байр бэлтгэсэн байна.