Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амиа алдсан асуудлаар Ардчилсан нам мэдээлэл хийв. Энэ үеэрээ “Монгол төрийн сонгууль эхлээд долоо хонож байна. Бид та бүхэндээ нэгэн эмгэнэлтэй мэдээ дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Ард түмний нэгэн төлөөлөл, бидний эрхэм ах, журмын нөхөр бусдын гарт амиа алдлаа. Энэ удаагийн сонгууль тагнаж чагнахаас эхлээд их дарамт дор явагдаж байна.
Өчигдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга, Засаг дарга Б 22.00 цагийн орчимд I тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, Г.Ганболд, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн нарын уулзалтын үеэр амь насаа алдлаа.
Болсон үйлд явдлыг тодруулахад, 19.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сум дээр I тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, Г.Ганболд, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн нарын уулзалт болж байсан талбайтай АН-ын штабын байр ойр байдаг. Намын байранд үйл ажиллагаагаа явуулж байхад тухайн МАН-ын гишүүн, одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэлтэй ухуулагч хийж байгаа П.Отгонбаатар гэгч нь намын байранд агсам тавьж, “Та нар яагаад манай МАН-ын уулзалтад оролцдоггүй юм бэ" гээд амь хохирогч Б-гийн хоолойн хэсэг газарт хүчтэй өшиглөхөд талийгаачийн түнх нь чихэгдээд газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Одоо хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Энэ бол санаатай үйлдэл болсон. Учир нь удаа дараа манай намын байранд ирж агсам тавьдаг байсан. Энэ зүйл анги бол хүнийг санаатай алах буюу эрхэлсэн ажил албан тушаалаа эрхэлж байгаа үед нь, хувийн үзэл бодлын үүднээс хүний амь хохироосон бол 25 жил, түүнээс дээш бүх насаар нь хорих ялтай, маш ноцтой хэргийг МАН-ын П.Отгонбаатар гэж залуу үйлдлээ” гэв.