УИХ-ын ээлжит сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд оролцох боломжийг холимог тогтолцоо олгоод буй. Хилийн чанад дахь иргэдийн саналыг энэ сарын 21-23-нд гурван өдрийн турш авах юм. Тэд пропорционал тогтолцоогоор нам, эвслийн нэр дугуйлах сонголт хийж, жагсаалтаар сонгогдох 48 гишүүнийг тодруулахад оролцох учиртай. Үүний өмнө иргэд тухайн улс, хот дахь өөрт ойр байрлах дипломат төлөөлөгчийн газартаа сонгуульд оролцох тухайгаа заавал урьдчилан бүртгүүлнэ. Ингэхдээ цахимаар болон биечлэн очиж бүртгүүлэх сонголт өгсөн билээ. Тэгвэл уг бүртгэл өнөөдөр 00.00 цагт дуусна.
Албан ёсны бүртгэлээр хилийн чанадад манай улсын 141 мянган иргэн амьдардаг гэж буй ч албан бусаар энэ тоо 400 мянгад дөхнө хэмээн АН-ын ҮБХ-ны гишүүн, олон улс судлаач Н.Баттулга өчигдөр мэдэгдэнэ лээ. Ийм олон иргэн хилийн чанадад амьдардаг ч өчигдрийн байдлаар 34 улсад байгаа 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн байв. БНСУ-д 54 мянган иргэн амьдардаг ч 2001, АНУ-аас 1064 хүн сонгууль өгнө гэжээ. Иргэд саналаа яаж өгөх, хэрхэн бүртгүүлэх талаар тодорхой мэдээлэлгүй хэвээр байгааг сөрөг хүчнийхэн шүүмжилж буй юм.