Оросын цөмийн шумбагч хөлөг онгоц Кубын Гавана хотын боомтод ирж байрласан тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
Үүнээс гадна байлдааны хөлөг онгоц, ханган нийлүүлэх ачааны хөлөг онгоц, Оросын Тэнгисийн цэргийн хүчний аврах чирэгч онгоц тус боомтад ирсэн байна.
Атлантын далайд нарийн тусгалт пуужин ашиглах дадлага хийж байсан дээрх олон төрөлт дөрвөн хөлөг онгоцноос бүрдсэн тактикийн бүлэг 6-р сарын 12-17-ны хооронд Гавана боомтод албан ёсны айлчлал хийх аж.
Оросын усан цэргүүд Кубын Тэнгисийн цэргийн командлал, Гавана хотын захирагчтай уулзаж, түүх соёлын газруудаар зочлохоор төлөвлөжээ.
ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч Александр Моисеев тус агентлагт ярихдаа, Кубад хийж буй айлчлал нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй алсын аялалын зөвхөн нэг зорилт юм гэжээ.
Кубын Гадаад хэргийн яам ОХУ-ын хөлөг онгоцуудын айлчлалын талаар тайлбар хийхдээ, энэ нь Гавана, Москва хоёрын найрсаг харилцаатай нийцэж, олон улсын дүрэм журмыг чанд мөрдөж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн эдгээр хөлөг онгоцнуудын аль нь ч цөмийн зэвсэг тээвэрлээгүй бөгөөд тэдгээр тус бүс нутагт аюул учруулахгүй гэдгийг онцолжээ.
АНУ-ын албаныхан Карибын тэнгис дэх Оросын хөлгүүдийн шилжилт хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ.