Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан. Иймд тэрбээр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд энэ сарын 6-нд болсон шүүх хуралдаанаас түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг сонгуулийн төв байгууллагынханд даалгасан юм. Гэсэн ч түүнийг өнөөг хүртэл нэр дэвшигчээр бүртгээгүй бөгөөд шүүхийн албан ёсны шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Н.Номтойбаяр ч, Сонгуулийн ерөнхий хороо ч хүлээн авсан байна. Сонгуулийн төв байгууллагынхан өнөөдөр хуралдаж, шүүхийн дээрх шийдвэрийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ингэхдээ түүнийг нэр дэвшигчээр бүртгэх, эсвэл дараагийн шатны шүүхэд хандан давж заалдах, эсэхээ тодорхой болгох юм.
Мөн тус эвслээс нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг буюу 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн П.Баярхүү, Д.Ганболд, жагсаалтын зургаадугаарт бичигдсэн Н.Хулан нарыг бүртгээгүй. МАН-ын гишүүнчлэлээс татгалзаагүй гэдэг шалтгаанаар Үндэсний эвслийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан бөгөөд тэд өнгөрсөн баасан гарагт Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Тус шүүх эл асуудлаар өчигдөр хуралдах товтой байв.