УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор төрийн бүх шатны албан хаагч болон эрх бүхий албан тушаалтнуудад хандсан мэдэгдлийг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ. Юуны өмнө улс төрийнхөөс бусад албан хаагч аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байхыг сануулсан байна. Тухайлбал, албан хаагчид улс төрийн нөлөөлөлд автахгүй төвийг сахих, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээлэл түгээхийг хориглодгийг мэдэгдэлд дурдав.
Мөн дээд шатны албан тушаалтныхаа зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг л биелүүлэх нь зүйтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг дээд албан тушаалтан нь улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах ёсгүй. Ийм үйл ажиллагаанд оролцох санал тавихгүй байхыг удирдлагаасаа шаардах нь албан хаагчийн үүрэг аж. Тухайлбал, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцуулах ёсгүйг Төрийн албаны зөвлөлийнхөн сануулжээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.5- д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа улс төрийн эвсэл, хөдөлгөөн, намын нөлөөллөөс ангид байх” гэж заасан билээ. Мөн Төрийн албаны тухай хуулийн 49.3-т “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно” хэмээн заасан.
Түүнчлэн “УИХ-ын бүрэн эрх дуусгах, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч өөрчлөгдөх нь халаа сэлгээ хийх үндэслэл болохгүй” гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэв. Тиймээс хэн нэгнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох, албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зэрэг тохиолдолд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөхийг анхааруулжээ. Ялангуяа төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд бусад этгээд аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхтэй эвлэрэх ёсгүй гэв.
Тус зөвлөлийнхөн мэдэгдлээ холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлээд буй аж. Цаашид мэдэгдлийнхээ хэрэгжилтэд хяналт тавьж, Төрийн албаны, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай болон бусад хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож, төрийн албан хаагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн: М.Оч