Жил бүрийн зургадугаар сарын 12-нд ОХУ Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрөө тунхаглан баталсан өдөр тохиодог. Тиймээс 1992 оноос хойш энэ өдрийг ОХУ-ын төр засгийн гол баяр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Харин 2002 оноос хойш уг баярыг “Оросын өдөр” болгон өөрчилсөн аж. Учир нь, “Тусгаар тогтнолын өдөр” нь дэлхийн олон улс орнууд тусгаар улсаа үүсгэн байгуулсан, бусад улс орнуудаас салан тусгаарласан эсвэл бусад улсын түрэмгийллээс чөлөөлөгдсөнөө тохиолдуулан тэмдэглэдэг үндэсний баяруудын нэг учраас “Оросын өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.
Тэгвэл өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков болон тус улсын Улаанбаатар дахь ЭСЯ-ны хамт олон Оросын тусгаар тогтнолын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Уг ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, хууль зүйн байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан болон манай улсын төр нийгмийн зүтгэлтнүүд, ОХУ-ын их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн нар, боловсрол шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэд, түүхч судлаачид, хэвлэл мэдээллийн салбарынхан хүрэлцэн ирсэн байлаа.
Энэ өдөр ОХУ-ын олон хот, мужид баярын арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. “Оросын өдөр”-т зориулсан ёслолын жагсаал, үндэсний наадам, спорт, соёл урлагийн тэмцээн уралдаан, эх орончдын жагсаал, экологийн арга хэмжээг олон хотод зохион байгуулдаг. Мөн зарим бүс нутгийн удирдлагууд насанд хүрсэн шинэ иргэдэд паспортыг нь хүндэтгэлтэйгээр олгодог гэнэ. ОХУ-ын ЭСЯ-нд олон улсын гар зургийн уралдаанд оролцсон “Үндэсний хувцастай ээж ба хүүхдүүд” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байлаа. “Оросын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн юм. Мөн Орос, Монгол хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, ёслолын арга хэмжээг эхлүүлсэн юм.
ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков хэлэхдээ “ОХУ-ын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглал батлагдсан түүхэн өдрөөс 30 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Тэмдэглэлт өдрийн нэр ч “Оросын баяр” болон өөрчилсөн юм. Энэхүү он жилүүдэд манай эх орон төрийн байгуулалтын хүнд хэцүү замналыг туулсан бөгөөд энэ замдаа Орос Улс олон улсын эрх зүйн субъект хэмээн оршин тогтнох эсэх асуудал нэг бус удаа тулгамдаад байсан билээ. Нэн тэргүүнд зөвлөлтийн дараах эхний хэдэн жил өрнөсөн улс төр, эдийн засгийн гүн хямрал, Хойд Кавказ дахь олон улсын терроризмтой 1990-ээд болон 2000-аад онуудад тэмцсэн тэмцэл, Украин дахь цэргийн тусгай ажиллагааг хэлж болох юм. Бид аливаа сорилт, алдагдал хорогдол бүрийг даван туулсаар ирсэн, өнөөгийн амаргүй нөхцөл байдлыг ч бас даван туулах болно. Баруун орнуудын зүгээс бидэнд 20 мянга гаруй төрөл бүрийн хориг арга хэмжээг тавиад байна. Энэ нь жинхэнэ төрийн тусгаар тогтнол, тэр дундаа технологи, санхүү, боловсролын бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн төр засгийн бодлогыг нотлон харуулах болно. Манай улс үндэстэн хоорондын сайн хөршийн харилцааны жишигт орон бөгөөд уламжлалт үнэт зүйлсийн баримтлагч, хадгалан хамгаалагч юм. Энэ утгаараа манай улс ялгаварлан гадуурхах дүрэмд бус НҮБ-ын Үндсэн дүрэмд тусгасан түгээмэл зарчмыг тулгуурлан олон туйлт шударга тогтолцоо бат оршихийн төлөө Орос Улс тууштай дуугардаг. Оросын баримталж буй бодлого Ази, Африк, Латин Америкт дэмжлэг аваад байгаа бөгөөд Европ тивд ч дэлхийн үйл явдлын хэтийн төлөв, олон улсын болон бүс нутгийн маргалдаан сөргөлдөөн гарах шалтгааныг бодитоор харж эхэлсэн нь тэмдэглүүштэй юм. Барууны орнуудын дарангуйллаас залхсан дэлхийн бүх улс орон шударга ирээдүй бүтээх шинэ боломжийг атгана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн онцлов.