АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) эсрэг хориг арга хэмжээ авах боломжийн тухай хуулийн төслийг баталлаа. Энэ тухай СNN санал хураалтын дүнгийн талаар мэдээлэв.
Эл санаачилгыг 247 гишүүн дэмжиж, 155 хууль тогтоогч эсэргүүцжээ.
Олон улсын эрүүгийн шүүх Израилийн засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл хүссэний улмаас АНУ ийнхүү эсрэг хориг арга хэмжээ авч байгаа аж.
Уг хуулийн төсөл нь ОУЭШ-ийн ажилтнуудад АНУ-ын виз олгохоос татгалзах, мөн тус улсад үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ хийх, бусад хөрөнгийг битүүмжлэх зэрэг арга хэмжээг оруулжээ. ОУЭШ нь "АНУ болон түүний холбоотнуудын хамгаалалтад байдаг аливаа хүнийг мөрдөн байцаах, баривчлах, яллах" үйл ажиллагааг дэмжсэн тохиолдолд дээрх арга хэмжээг авах юм байна.
ОУЭШ Израилийн эсрэг анхны шийдвэрээ нэгдүгээр сарын сүүлчээр гаргаж, Палестины хүн амыг хоморголон устгахаас урьдчилан сэргийлэх, Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулахад туслах арга хэмжээ авахыг шаарджээ. Гэхдээ энэ нь зөвхөн түр зуурын шийдвэр байв.
Шүүх хурал удаан хугацаанд үргэлжилж, үе үе дараагийн шийдвэрүүдийг гаргасаар байсан.
Хэдийгээр Олон улсын шүүх гал зогсоох тушаал болон бусад арга хэмжээ авах эрхтэй ч шийдвэрийн биелэлтэд хяналт тавих өөрийн гүйцэтгэх байгууллага байхгүй.
Өөрөөр хэлбэл, энэ шийдвэр нь Израиль, Палестинд болж буй үйл явдалд дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах нэг арга юм.
Израиль болон түүний Ерөнхий сайдын эрх ашгийг ноцтойгоор хөндөж болох цорын ганц зүйл бол Гаагийн шүүхээс баривчлах захирамж юм.
Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карим Хан 5-р сарын 20-нд мэдэгдэл хийж, Израилийн Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайд дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хариуцлага хүлээх нотлох баримтууд байгааг онцолжээ.