Орос Хятад хоёр "Сибирийн хүч-2" хийн хоолойн тал дээр тохиролцож чадахгүй байгаа тухай “Financial Times” сонин эх сурвалжаас иш татан бичжээ.
Хэвлэлд бичиж буйгаар хэлэлцээр амжилтгүй болсон шалтгаан нь Хятадын тал байгалийн хийг ОХУ-ын дотоодын зах зээлийн үнээр худалдаж авахыг шаардсан явдал юм.
Үүнээс гадна Хятад улс жилдээ барих 50 тэрбум шоо метр дамжуулах хоолойн хүчин чадлын багахан хэсгийг л худалдаж авахад бэлэн байгаад Оросын тал сэтгэл хангалуун бус байна.
Үүнээс шалтгаалан Оросын томоохон банкны хараахан нийтлэгдээгүй байгаа тайланд Газпром компанийн ирээдүйн орлогын төсөөллөөс “Сибирийн Хүч 2” хоолойн төслийг хасаж тооцсон байгааг Financial Times бас олж мэдээлсэн байна.
"Газпром"-ын ТУЗ-ийн дарга Алексей Миллер Ерөнхийлөгч Владимир Путины Бээжинд айлчлах үеэр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд байгаагүй нь хэлэлцээр удаан үргэлжилж байгаагийн нотолгоо гэж тус сонинд бичжээ.
Хятадтай чухал хэлэлцээр хийхэд ач холбогдол бүхий үүрэгтэй ноён Миллер байхгүй байгаа нь үүнийг өгүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
FT сонины нийтлэл хэвлэгдэн гарсны дараа ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мао Нин “Харилцан ашигтай огтолцох цэгүүдийг эрэлхийлэх, ашиг сонирхлыг гүнзгий нэгтгэх, харилцан амжилтанд хүрэх нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон зөвшилцөл юм. Энэхүү чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд бид Орос улстай харилцахад бэлэн байна” гэж барууны сэтгүүлчийн хэлэлцээр гацсан эсэх талаарх асуултад хариулав.
FT агентлагийн мэдээлснээр “Сибирийн хүч-2” хэлэлцээр нь Владимир Путины БНХАУ-ын дарга Си Зиньпинд тавьсан гурван үндсэн хүсэлтийн нэг бөгөөд улстөрчид Бээжинд уулзах үеэрээ үүнийг хэлэлцсэн байна.
Энэхүү хэлэлцээрээс гадна ноён Путин, Си нар Хятадын банкуудын идэвхжилийг нэмэгдүүлэх, Хятад улс Швейцарьт болох Украины асуудлаарх бага хуралд оролцохоос татгалзаж байгаа талаар ярилцжээ.