“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон И.Батнасанг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Тэрбээр эрх мэдлээ ашиглан “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж, захирал Н.Саруулаас нь 2019 оны аравдугаар сард таван сая төгрөг хахуульд авсан хэрэгт холбогдсон юм. Уг мөнгийг нярав Я.Хүрэлчулууны хувийн дансаар авч ашигласан хэмээн буруутгагдаж буй. Үүнээс гадна тэрбээр 2016-2019 онд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Баатарсүрэн, ерөнхий нягтлан бодогч С.Эрдэнэбаатар нартай хамтран төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд ч холбогдсоныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 908 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас11-тнь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтад хүргүүлсэн аж. Тэдгээрийн дунд “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан И.Батнасан нарт холбогдох үйлдэл багтсан юм. Түүнчлэн АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн гурван хэрэгт холбогдсон хүмүүсийн хамаарал бүхий 20 объектод нэгжлэг хийжээ.