Хятадын эрдэмтэд дэлхийд анх удаа 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнийг үүдэл эсийн эмчилгээг ашиглан эмчилж чаджээ. Энэ тухай Sun сонин мэдээлэв.
Хэвлэлд бичснээр, 59 настай эрэгтэй 25 жилийн турш дээрх өвчнөөр шаналсан бөгөөд сүүлийн жилүүдэд түүний инсулин үйлдвэрлэх үүрэгтэй нойр булчирхай бараг бүх эсээ алдсан байжээ. Үүний улмаас тэрбээр өдөр бүр хэд хэдэн удаа дааврын тарилга хийх шаардлагатай болсноос гадна бөөрөө солих мэс засалд орсон байна.
2021 онд эмч нар тус өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийсэн бөгөөд 2022 оноос хойш өвчтөн цусан дахь сахарын хэмжээг барьдаг эм тариа хэрэглэхээ больжээ.
Хятадын эрдэмтэд үүдэл эсээс нойр булчирхайн шинэ эсийг бүтээсэн байна. Үүдэл эс нь нөхцөлөөс шалтгаалан бие организмын аль ч төрлийн эс болж хөгждөг аж.
Үүнээс өмнө чихрийн шижин өвчнийг бүрэн эмчилсэн тохиолдол байгаагүй. Түр зуур ангижрах боломжтой байсан ч үүний тулд өвчтөнүүд хатуу хоолны дэглэм, дасгалын хөтөлбөрийг дагаж мөрдөх ёстой байв.
Дээрх шинэ арга дархлааны систем нойр булчирхай руу дайрдаг 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчлэхэд тохиромжгүй гэж судалгааны багийнхан үзэж байна.
Энэхүү нээлт нь дэлхийн хэмжээнд нас баралтын гол шалтгаануудын нэг болох чихрийн шижин өвчнөөр шаналж буй 500 сая гаруй хүний хувьд том дэвшил болж магадгүй юм.