УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх хүмүүс үндсэндээ тодорхой болж байна. 126 гишүүнийг анх удаа сонгохдоо холимог тогтолцоо ашиглаж буй энэ удаагийн сонгуулиар 48 хүртэлх хүний нэр бичсэн жагсаалтдаа хэн хэнийг багтаав гэдгээс авхуулаад сонжих зүйл бишгүй. Холимог тогтолцоогоор явуулсан 2012 оны сонгуулиас хойших 10 гаруй жилд улс төрийн нам, эвсэл, удирдлагынх нь хандлага, арга хэлбэр өөрчлөгдсөн, эсэх нь сонирхолтой.
Холимог тогтолцоогоор явуулсан 2012 оны сонгуулиас хойших 10 гаруй жилд улс төрийн нам, эвсэл, удирдлагынх нь хандлага, арга хэлбэр өөрчлөгдсөн, эсэх нь сонирхолтой.
Эмэгтэйчүүдийг дэмжиж, нэр дэвшигчдийг жагсаалтад хүйсээр нь сөөлжлөн байршуулахаар хуульчилсныг эс тооцвол өөр тогтсон, дүрэм журамгүй энэ нөхцөлд тэд юунд захирагдаж, ямар зарчим баримтлав, тухайн намын дарга, түүнд ойр тойрон хүрээлэгчдийн гаргадаг шийдвэр хэвээрээ байна уу гэдэг нь хамгийн чухал.
Горилогчдынх нь тоо барагдахгүй, баахан хүн өрөөнийх нь үүдийг сахиж суудаг намын даргад ч, нэр дэвшүүлэх гэхээр өөрөөс нь өөр хүн олддоггүй намын даргад энэ нь хэцүүхэн ажил байдаг нь илт. Тэр тусмаа арайхийн эвлэрэх тийш хандаж буй АН-ынхныг Л.Гантөмөр дарга зангидаж, фракцууддаа тал алдахгүй байх зарчим барьж ажиллах нь юу юунаас илүү ярвигтай байсан биз. Ямартай ч тус намынхны нэр дэвшүүлэх ажиллагаа урьдын адил хэрүүл тэмцэл, зодоон зөрчилдөө тулж, гомдогсод нь эрээлж, нэрэлхэлгүйгээр байр сууриа илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд тойргоо тойглож ирсэн цөөнгүй хүнийг тэс өөр газарт хуваарилж, урьж залсан зарим нэгнийг амласнаасаа буцан, жагсаалтын сүүл рүү “шидэж”, нөлөө бүхий улс төрчөө бүрмөсөн хасаж, өглөө нь жагсаалтаас ор мөргүй арчигдсанаа нуусангүй. Ямартай ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан зэрэг хүн АН-аас нэр дэвших нь. Эрх баригчдын хувьд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зэрэг нөлөө бүхий улс төрчийн зүтгүүлсэн хүмүүс нь тойрогт ч, жагсаалтад ч багтаж чаджээ. АН-аас ялгаатай нь тэд дарга, удирдлагынхаа шийдвэрийг үг дуугүй дагаж, хүлээн зөвшөөрмөөргүй байсан ч хэлээ хазаад л үлдэж буй.
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбаттай холбогдоход “Дүр эсгэсэн, эрх чөлөөний мэдрэмжгүй сонгууль, мөнгөний уралдаан болох гэж байна. Бүсчилсэн том тойрогт, цөөн хоногт сурталчилгаа хийх боломжгүй. Сонгуулийн дараа авлига дээд цэгтээ тулна. Тойрогт ногдох нийт 78 мандатын талаас илүүд нь нэр дэвшүүлэх хуулийн заалтаас болж нам, эвслүүд хүссэн болгоныг нь л бүртгэлээ. Төрийн эрх барих дээд байгууллагад ийм хүмүүс цуглах ёсгүй” хэмээгээд намаасаа олон хүн дэвшүүлэхгүй гэв. Сонгуульд оролцох замаар намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх нь тэдний зорилго аж.
Иргэдийн оролцооны нэгдэл намын хувьд Төлөөлөгчдийн танхимынхаа хурлын шийдвэрээр 59 хүнийг нэр дэвшүүлсэн. Дөрвөн хүнийг жагсаалтаар, 55 хүнийг тойрогт өрсөлдүүлэх нь. Тэднээс35 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй бөгөөд дээд боловсролгүй нэр дэвшигч ч бий гэнэ. Түүнчлэн Үндэсний эвслээс нийт 76 нэр дэвшигч буюу жагсаалтаар 30, тойрогт 46 хүн сойх нь. ХҮН намаас 78 хүн нэр дэвшүүлж байгаагийн 30 нь тойрогт өрсөлдөх аж. Үнэн ба зөв намын тухайд тойрогт 70, жагсаалтаар 14 хүн нэр дэвшүүлжээ. Тус намын дарга А.Отгонбаатар нэгдүгээр тойрогт хүч үзэх нь. Мэдээж АН, МАН 126 мандатаа дүүртэл нь “эзэн”-тэй болгожээ.
Тойрог тойглож, сонгогчдодоо таалагдахын тулд хэл, хөлөө дөнгөлүүлж, үзэл бодол, байр суурианаасаа буцах эрсдэл “жагсаалт”-ынханд” үгүй тул улс орны хөгжил дэвшлийн гарцыг томоор харж, зурж чадах, итгэл даах, нэр цэвэр, ёс зүйтэй хүмүүсийг олж дэвшүүлэх нь аль ч намын даргын хувьд нэр төрийн хэрэг байлтай. Лав л МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жагсаалтдаа нэр муутай хүмүүс оруулсан нам шууд ялагдах ёстой. Өнгөрсөн 30 жилд үүссэн авлига, ашиг сонирхлын зөрчил, ил, далд лоббийг арилгах эхлэл, хөрс суурь нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх явдал” хэмээсэн удаатай.
Олны анхаарал татсан хулгай, луйвартай илт холбогдож, муу нэр зүүгээгүй, ерөнхийдөө салбар, салбартаа танигдсан хүмүүсийг МАН-аас урьсан бололтой. Жишээ нь, жагсаалтын гуравдугаарт бичигдсэн “Ондо”-г үүсгэн байгуулагч, шарк Ч.Анар саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нийгмийн сүлжээнд магтаж, дэмжихээ илэрхийлэх хүртэл түүнийг “цэвэр” бизнесийн салбарын төлөөлөл гэж харж байв. Мөн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, дэд профессор Д.Ганмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах, Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг нар МАН-ын жагсаалтад багтжээ.
АН-ын дарга Л.Гантөмөр бас л боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гэх мэтээр салбар салбарынхны төлөөллийг жагсаалтад оруулах бодлого барихаа илэрхийлсэн. Үндэсний эвслийн зүгээс салбар бүрийн мэргэжилтнүүдийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэх “Нэг улс төрч-1000 мэргэжилтэн” зарчим баримталж буйгаа зарласан бөгөөд нэр дэвшигчдээ тодруулахдаа тэдний мэдлэг, боловсрол, мэргэшсэн байдалд онцгой анхаарсны зэрэгцээ хууль дээдлэх ёс зүй, сахилга батыг эрхэм болгосноо мэдэгдсэн. Тус эвслээс нэр дэвшиж буй 60 гаруй хүн нам бус гэнэ.
Жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа намуудын зүгээс мэдэгдэж ирсэн. АН-ын жагсаалтын долоодугаарт Ж.Баясгалан, МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт “Ахиллис Монгол Олон улсын байгууллага” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Саранчулуун эл бүлгийнхнийг төлөөлөх нь. ИОНН-аас Сонсголгүй иргэдийн холбооны ерөнхийлөгч, бүрэн сонсголгүй иргэн А.Энхбаатарыг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн байна.
Нам, эвслийн жагсаалт бол дарга, сайд нар гэхээс илүүтэй шилдгүүдийг багтаасан, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг нэгтгэсэн цогц сонголт байх ёстой гэдэг шүүмжлэл 2012 оны сонгуулиар хүчтэй байв. Арга ч үгүй биз, 2012 оны сонгуулиар МАН-ын жагсаалтад багтсан 28 хүний 11 нь УИХ-ын гишүүн, эдгээрээс хоёр нь сайдын “давхар дээл”-тэй байсан юм. Харин АН-ын жагсаалтад УИХ-ын долоон гишүүн байлаа. Нөлөө бүхий хоёр намаас гадна МУНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намын жагсаалтыг дарга нар нь тэргүүлсэн түүхтэй. Ер нь “том” гэгддэг хоёр намын жагсаалтыг намын удирдлагууд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүдээс гадна дэд сайд нар, зөвлөхүүд, төрийн болон намын байгууллагын дарга нарын нэрээр дүүрсэн гэхэд болно.
Ингэхдээ парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд, намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нь жагсаалтын эхний байрыг эзэгнэсэн юм даг. Энэ хэрээр шинэ, залуу улс төрчид жагсаалтын сүүл рүү “шидэгдсэн” гэсэн үг. Тэгвэл эрх баригч намын жагсаалтыг хот төлөвлөгч Г.Лувсанжамц тэргүүлж байна. Улс төрд нэн шинэ, уг хүнийх нь талаарх сайн, саар аль мэдээлэл тэгтлээ түгээгүй хүн түүнээс гадна цөөнгүй аж. Тухайлбал, жагсаалтын хоёрдугаарт Австралийн “Middleton group”-ийн эрчим хүчний ахлах инженер М.Энхцэцэг, 38 дугаарт улс төр судлалын доктор Б.Нандин-Эрдэнэ, 40-д Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгч, их эмч М.Мөнхчулуун, 47-д “Biznetwork”-ийг үүсгэн байгуулагч Н.Жавхлан зэргийг эрэмбэлснийг нэрлэж болно.
АН-ын жагсаалтыг дарга Л.Гантөмөр тэргүүлж, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, гишүүн Ж.Батсуурь удаалж байна. Дөрөвдүгээрт тус намын нарийн бичгийн дарга, Z үеийн төлөөлөл гэгддэг С.Цэнгүүн бичигджээ. Гэхдээ түүний оронд өөрийгөө байх ёстой гэж үзсэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуралдааныг үймүүлэн, эсэргүүцэж, улмаар намаас гарч буйгаа мэдэгдсэн юм. Хачирхалтай нь, түүнийг сонгогдож байсан Завхан аймгийг хамруулсан хоёрдугаар тойрогт нь нэр дэвшүүлснийг АН-аас өгсөн албан ёсны мэдээллээс харж болно. Мөн ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэл жагсаалтаа тэргүүлэх бус, Хан-Уул дүүрэгт намынхаа хоёр бүсгүйн хамт өрсөлдөх нь. Үндэсний эвслийн хувьд жагсаалтыг тэргүүн Н.Номтойбаяр ахалж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон удаалж, гуравт, Монголын либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа жагсжээ.
Үндэсний эвслийн нэр дэвшигчдийн 35 нь эмэгтэй бөгөөд 20 нь тойрогт өрсөлдөх гэнэ. Жендерийн тэгш байдлыг хангахын тулд эрх баригчид жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдээс гадна тойрогт илгээх хүмүүсээ ч хүйсээр нь сөөлжлөн “байршуулна” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тойрогт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам, П.Анужин, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, МҮОНРТ-ийн захирал асан Л.Нинжжамц гэсэн 13 эмэгтэй нэр дэвшүүлсэн байна. Ер нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж буй хүмүүс тойрогт нэр дэвшигчдийн дунд жин дарж буй аж. АН-ын хувьд ч өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын бүх гишүүн дахин өрсөлдөхөөр буйгаас 10 нь тойрогт нэр дэвшсэн байна.
Гэхдээ Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирал З.Батырбек, “Рысжан” компанийн захирал Х.Жангабыл, М банкны захирал Л.Соронзонболд, “Jet scooter”-ийг үүсгэн байгуулагч Г.Дашням зэрэг “гадна”-аас оруулж ирсэн нэр дэвшигч МАН-д бас бий.