Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотын төв талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын баярын парад болсон билээ. Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой товч ярилцлаа.
-Аугаа их эх орны дайны ялалтын 79 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та өнөөдрийн парадын талаар сэтгэгдлээ хэлнэ үү?
-Монголын ард түмэнд аугаа их эх орны дайны ялалтын 79 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Миний бодлоор парад онц сайхан боллоо. Та нар өөрсдөө хараад дүгнэж байгаа биз дээ. Ялалт ямар үнээр олдсоныг бид бүхэн мартаагүй. Ялангуяа манай улс орон дахин амаргүй сорилтын өмнө ирж, бодит тулалдаан болж, манай хөвгүүд фронтод байгаа энэ өдрүүдэд энэ баяр онцгой ач холбогдол бүхий болж байна. Өнгөрсөн түүхээс сургамж авар ёстой. Тэгэхэд бид бүх улс орноороо хамтдаа, ард түмний нэгдмэлээрээ ялсан. Энэ удаа ч гэсэн бид бүх ард түмнээрээ хамтдаа байж л ялна. Энэ сорилт бид бүгдийн сорилт, бидний амьдралын, бидний ирээдүйн сорилт юм. Тиймээс бид үүнийг даван туулах ёстой. Цэргийн тусгай ажиллагаа нь Барууны ертөнцийн жинхэнэ нүүр царай харуулсан. Тийм учраас бид өөрсдийнхөө одоо, ирээдүйд яаж амьдрахын төлөө тэмцэж байна. Түүх биднийг сургадаг. Өөрийн одоо болон ирээдүйтэй байхын тулд бид түүхийг мартаж болохгүй. Юуны өмнө бүх ахмад дайчдадаа эрүүл энхийг хүсэн ерөөе. Тэд жил ирэх тусам улам бүр цөөрсөөр байна. Өнөөдөр л гэхэд ердөө гуравхан хүн л оролцлоо. Мөн тусгай цэргийн ажиллагаанд оролцож буй дайчдадаа ялалтаа байгуулаад хурдхан эргэж ирэхийг хүсэн ерөөе. Бид өөрсдийн зүгээсээ тэдэнд туслахын тулд шаардлагатай бүхнийг хийх болно.
-Баярын парадад хэчнээн хүн оролцов?
-Баярын парадад агаарын болон агаарын сансрын хүчин, их бууны, танкны, десантын гээд бүх зэвсэгт хүчний бүх салбар оролцлоо. Мөн Монголын Батлан хамгаалах яамны төлөөлөл ирсэнд баяртай байна. Нийт 1000 гаруй цэргийн албан хаагч баярын парадад алхсан. Дахин давтан хэлэхэд ямар ч хүнд сорилтыг бид бүх ард түмнээрээ хамтдаа нэгдмэл байж ялна. Тийм ч байх болно.
-Халхын голын тулалдаанд ялсны 85 жилийн ойг хамтдаа тэмдэглэнэ. Энэ хүрээнд та бүхэн ямар ажил өрнүүлж байна вэ?
-Ах дүү Монголын ард түмэнд Халхын голын тулалдаанд ялсны 85 жилийн ойн барын мэндийг хүргэе. Энэ ялалт нь Японы эзлэн түрэмгийлэгчдээс Монголын тусгаар тогтнол, Монголчуудын эрх чөлөөг Монгол Зөвлөлтийн ард түмэн хамтдаа хамгаалсан ялалт юм. Тэгэхэд манай хоёр ард түмэн мөр зэрэгцэн зогссон юм. Дараа нь Эх орны дайн эхлэхэд Гитлерын эсрэг тэмцэлд ах дүү Монголын ард түмэн хамгийн түрүүнд ЗХУ-ын талд орсон билээ. Бид үүнийг санаж явдаг. Үргэлж санах болно. Манай хоёр орны ард түмэн сайхан нөхөрлөж,үргэлж бие биеэ дэмжин хамтдаа урагшилдаг. Ийм ч байх ёстой. Хамтдаа бид хүчтэй, хамтдаа бүгдийн чадна. Халхын голын ялалтын ойн баярыг угтан бид Монголын сэтгүүлчдийг Москвагаас Улаанбаатар хүртэл баатар хотуудаар дайран авто аялал зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ аялал нь Улаан-Үүдээс Монголын газар нутгаар Халхын гол хүртэл үргэлжлүүлэх юм. Орос Монголын армийн хамтарсан сургууль, урлагийн байгууллагуудын тоглолтууд бусад соёлын үйл ажиллагаа гээд ерөнхийдөө өргөн, том цар хүрээтэй ажлуудыг зохион байгуулна. 85 жил гэдэг онцгой ой. Тэр хэмжээгээр онцгой тэмдэглэгдэх нь ойлгомжтой.