АНУ-ын Хууль зүйн яам Оросын иргэн Дмитрий Хорошевыг LockBit хакерын бүлгийг үүсгэн байгуулж, удирдсан хэрэгт буруутган, түүнийг баривчлахад хэрэгтэй мэдээлэл өгсөн хүнд АНУ 10 сая ам.долларын шагнал олгохоо мэдэгдэв.
“ОХУ-ын Воронеж хотод төрсөн, 31 настай Дмитрий Юрьевич Хорошевыг..., Нью Жерси мужийн дүүргийн шүүхээс 26 зүйл ангиар яллагдагчаар татав” гэж Хууль зүйн яамнаас мэдэгдэлд дурдсан байна.
Хорошев LockBit хакерын бүлэглэлийг 2019 оны есдүгээр сард үүсгэн байгуулж, 2024 оны тавдугаар сар хүртэл дэлхийн 120 орны 2.5 мянга гаруй хүнийг 500 сая доошгүй доллароор хохироожээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг (NCA) тэргүүтэй олон улсын хууль сахиулах эвсэл хакерын бүлгийн дэд бүтцийг устгасан тухай мэдээлсэн.
Их Британи, АНУ зэрэг хэд хэдэн орны хууль сахиулах байгууллагын ажилтнууд хакеруудын үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй 200 орчим хүний жагсаалтад нэвтэрч чаджээ.
АНУ-ын Төрийн департамент LockBit кибер бүлгийн гишүүдийг баривчлах, удирдагчдыг нь хаана байгааг тогтооход тус дөхөм болох мэдээлэлд 15 сая ам.долларын шагнал санал болгож байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.