Мягмар гарагт Кремлийн их ордонд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путиний тангараг өргөх ёслол боллоо.
2000 оноос хойш энэхүү ёслолын огноо өөрчлөгдөлгүй 5-р сарын 7-ны өдөр болсоор иржээ.
Еслолын журмыг ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцинд зориулан боловсруулсан байна. Горимын дагуу ёслолын арга хэмжээ нэг цагаас хэтрэхгүй үргэлжилдэг аж.
Путин Гэгээн Георг, Александрын танхимуудаар алхсаар Андреевын ордонд Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавин тангаргаа өргөлөө.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зоркин Путиныг “ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орлоо” гэж мэдэгдэв.
Дараа нь Путин ард иргэддээ хандан товчхон үг хэлжээ.
"Ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан энэ хариуцлагатай мөчид манай улсын бүх бүс нутагт амьдарч буй ОХУ-ын иргэдэд, Эх оронтойгоо хамт байх эрхээ хамгаалж ирсэн, түүхт газар нутгийн оршин суугчдад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье" гэж тэрбээр үгийнхээ эхэнд хэлсэн байна.
Мөн "Цэргийн тусгай ажиллагааны дайчид, баатрууд,,эх орныхоо төлөө тэмцэж буй хүн бүрийн өмнө мөргөмөөр” байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ ОХУ-ын эрх ашиг, аюулгүй байдал түүний хувьд бүхнээс дээгүүр байхыг амлав.
“Сая сая хүмүүсийн нэгдмэл хүсэл бол асар их хүч бөгөөд өнөөгийн болон ирээдүйн хойч үеийнхээ төлөө бид Оросын хувь заяаг өөрсдөө, зөвхөн өөрсдөө шийднэ гэсэн нийтлэг итгэлийн нотолгоо юм" гэж тэрбээр онцлов .
Улс орон, бүс нутгаа хөгжүүлэх бүх шийдвэр үр дүнтэй, шударга байж, Оросын гэр бүлийн сайн сайхан, амьдралын чанарыг дээшлүүлэх ёстой гэж Путин нэмж хэлэв.
Өнөөдөр Орос улс найдвартай, шударга түнш гэж үздэг бүх улс оронтой сайн харилцаагаа бэхжүүлэхэд нээлттэй байна.
В.Путины хэлснээр, Оросын хөгжлийг зогсоох оролдлогыг үргэлжлүүлэх үү, эсвэл хамтын ажиллагаа, энх тайвны замыг эрэлхийлэх үү гэсэн сонголт барууныхны гарт байна.
Яриа хэлэлцээ хийх боломжтой, гэхдээ эрх мэдлийн байр сууринаас биш, зөвхөн эрх ашгийг хүндэтгэж, тэгш нөхцөлтэйгээр ярилцах боломжтой гэдгийг Путин онцлон тэмдэглэв.
Мөн түүхийн сургамжийг санаж, дотоод эмх замбараагүй байдал, үймээн самуун гамшигт өртгийг мартахгүй байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч уриалав.
Тангараг өргөх ёслол Ерөнхийлөгчийн цэргийн хорооны жагсаал болон их бууны буудлагаар өндөрлөв.
Владимир Путин 2030 он хүртэл ОХУ-ын төрийг атгана.