Ши Жиньпин сүүлийн таван жилд анх удаа Европт хүрэлцэн ирэв. Тэрбэрээр айлчлалаа Франц улсаас эхэллээ
Энэхүү төрийн айлчлал Парис, Бээжингийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж байгаа юм.
Даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар гурван таль хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, ЕХ болон Хятад улс дэлхийн энх тайвны төлөө тасралтгүй хувь нэмэр оруулах ёстойг онцлов.
“Хятад, Европын холбоо стратегийн зөвшилцлийг хуримтлуулж, стратегийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, Хятад Европын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд тасралтгүй шинэ хувь нэмэр оруулах ёстой" гэж Хятадын төв телевиз Ши Жиньпины үгийг уламжлав.
BFMTV-ийн мэдээлснээр уулзалтын үеэр Эммануэль Макрон, Европ, Хятадын хоорондын яриа хэлэлцээ нь дэлхийд бий болсон нөхцөл байдлын улмаас "урьд урьдынхаас илүү шаардлагатай байна" гэж мэдэгджээ. Тэрээр Украин болон Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний асуудлаар Бээжинтэй хамтран ажиллах нь шийдвэрлэх хүчин зүйл хэмээн тэмдэглэжээ.
Урсула фон дер Лейен дэлхийн зах зээлийн эргэн тойрон дахь нөхцөл байдалд анхаарлаа хандуулсан байна. Тэрээр Хятадтай харилцах харилцааг хамгийн төвөгтэй бөгөөд чухал хэмээн онцолжээ. "Зах зээл рүү нэвтрэх өнөөгийн тэнцвэргүй байдал нь тогтвортой биш бөгөөд үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна ... Европыг үйлдвэржилтгүй болгоход хүргэж болзошгүй зах зээлийг гажуудуулж буй практикийг Европ хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж Европын холбооны тэргүүн хэлснийг Reuters иш татав.
Мөн тэрбээр хоёр тал ахиц дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсний зэрэгцээ ЕХ эдийн засаг, аюулгүй байдлаа хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авахаас буцахгүй бөгөөд “хэрэв шаардлагатай болбол манай худалдааны хамгаалалтын хэрэгслүүдийг бүрэн ашиглахад бэлэн байна” гэжээ.
Гурван талт уулзалтын дараа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байранд ёслолын ажиллагаа болж орой нь албан ёсны оройн зоог барьсан байна.
Өнөөдөр хоёр ерөнхийлөгч Францын өмнө зүгт оршдог Пиреней нуруу, Макроны эмээгийн амьдарч байсан мөн ирээдүйн ерөнхийлөгчийн бага насны амралтаа өнгөрүүлсэн газар руу аялах аж.
Францын хэвлүүдэд бичсэнээр уг аялалын зорилго нь "цэвэр дипломат" буюу хатуу протоколоос татгалзаж, Украины асуудлаар "шууд ярилцах" зорилготой аж.
Францын Ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай харилцаагаа бэхжүүлэх бодолтой байгаа бөгөөд түүнийг Елисей ордон болон Пиренейн нуруунд оройн зоогт урихаар төлөвлөж байгаа талаар өмнө нь Bloomberg бичсэн.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Европт хийх айлчлалынхаа хүрээнд Серби, Унгарт айлчлах юм.