Во Ван Тхыонг
Вьетнамын улс төрд системийн ердөө ганц тоглогч байдаг нь Коммунист нам (КН) юм. Тус улсад намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын спикер гэсэн удирдлагын дөрвөн тулгуур бий. Тэгвэл КН-ын удирдлагаас авлигын эсрэг кампанит ажил явуулсны үр дүнд нэгдүгээр сарын эхээр Ерөнхий сайдын орлогч байсан хоёр хүнийг Улс төрийн товчоо (УТТ)-ноос гаргаж, Ерөнхийлөгч Нгуен Суан Фук нь өөрийн хүсэлтээр УТТ, Төв хорооны бүрэлдэхүүнээс огцорчээ. Сарын хуанлигаар нэгдүгээр сарын 22-нд Вьетнамд шинэ он тохиодог юм. Бүрэн эрх нь дуусаагүй байхад Ерөнхийлөгч нь суудлаа орхисон Вьетнамын орчин цагийн түүхэн дэх эхний тохиолдол энэ болов. Вьетнамд авлигын эсрэг кампани эхлээд хэдэн жил болж байна. Авлига нь улс төрийн тунгалаг биш үйл явцын дор эдийн засаг нь хурдтай өсөж буйн дагуул болж байгаа юм. Түүнтэй хийх тэмцэл төрийн бодлогын томоохон арга хэмжээ болж байна. “Улайссан зуух” хэмээн нэрлэгдэх болсон энэ бодлого нь 2021 онд гурав дахь удаагаа улиран сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийн “төрүүлсэн үр”, Вьетнамын хувьд туйлын ховор тогтолцоо юм. 2016 оноос хойш Чонгийн явуулсан бодлогын улмаас олон арван хүн ажилгүй болсон төдийгүй шоронгийн хаалга татав. Огцруулах, баривчлах энэ давлагаа “Ковид-19”-өөс эхтэй юм. Энэ өвчний оношийг өндөр үнээр тавьж байжээ. Эрүүлийг хамгаалахын сайд нь шоронд орж, Ерөнхий сайдын хоёр орлогч нь УТТ-ны гишүүнээс хасагдаж, олон зуун хүн баривчлагдсан аж. 2016-2021 онд Ерөнхий сайд байгаад Ерөнхийлөгч болсон хүний огцрох шалтгаан чухам энэ хэл ам.
Ийнхүү авлигын эсрэг тэмцлийн золиос нь голчлон аж ахуйн ажилтнууд болж, тэдний орыг үзэл суртал, хүчний салбарынхан эзэлжээ. Тэглээ ч КН нь шийдвэрээ хаалттай хуралдаж гаргадгаас Вьетнамын бодлогыг шинжлэн тайлбарлахад ямагт төвөгтэй байдаг. Өнгөрсөн онд болсон их хурлаас гурав дахь удаагаа улиран сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга “харцага” хочит Нгуен Фо Чонг эрх мэдлээ улам бэхжүүлсээр байгаа нь анзаарагдлаа. Тэрбээр илүү Өрнөдийн үзэл баримтлалтай, ажил хэрэгч хүрээлэлтэй хэлхээ, холбоотой гэгддэг төрийн өндөр албан тушаалтнуудыг халж байна. Энэ халаа сэлгээг тус улсад ихээхэн асуудал болоод байгаа авлигын эсрэг тэмцэл хэмээн албан ёсоор тайлбарлаж буй ч намын дээд түвшин дэх эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж үзэж болно.
69 настай Нгуен Суан Фук 2016-2021 онд Ерөнхий сайдаар ажилласан юм. 2021 оны дөрөвдүгээр сард тус улсын дээд эрх мэдлийн дөрвөн тулгуурын нэг болох Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Дөрвөн тулгуур дотроо их нөлөөтэй нь КН-ын ерөнхий нарийн бичгийн дарга. Одоо энэ албыг хашиж буй Нгуен Фу Чонг авлигын эсрэг тэмцлийг удирдаж байна. Намын эх сурвалжийн мэдээлснээр 2022 онд намын 539 гишүүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ. Үүнд жирийн албан хаагч төдийгүй сайд хийгээд өндөр албан тушаалтан, дипломатчид хамрагдсан аж. Цагдаагийн байгууллага авлигын 453 хэргийг мөрдөн шалгасан нь урьд оныхоос 1.5 дахин олон байсан гэсэн үг. Зарим мэдээллээр бол Нгуен Фу Чонг удахгүй Ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэж магадгүй нь. Энэ нь түр хугацааных байж болох ч том албан тушаалыг ийн нэг хүнд төвлөрүүлэх нь ерөнхий нарийн бичгийн даргын эрх мэдлийг нэмэгдүүлж, нэг хүний дэглэм тогтоох вий хэмээн зарим тоймч болгоомжлох болов.
Ерөнхийлөгч байсан Во Ван Тхыонг нэг жил болоод огцрохдоо хоёр дээд амжилт тогтоосон нь хамгийн залуу, хамгийн богино хугацаанд төр тэргүүлсэн хүн болжээ. Түүнийг намын дүрэм зөрчсөн, энэ нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлсөн гэж КН-ын тусгай хуралдааны дараа Засгийн газраас мэдээлсэн байна. Улс төрийн тогтвортой байдалтай гэгддэг, КН хатуу хянаж байдаг Вьетнам улсад жил гаруйхны хугацаанд хоёр дахь Ерөнхийлөгч нь огцроод байгаа юм. Во Ван Тхыонгийн өмнөх Ерөнхийлөгч Нгуен Суан Фук хоёр жил ажиллаад өнгөрсөн онд огцорсон. Хоёул авлигатай холбоотой хэл аманд оржээ. Засгийн газар нь болохоор Ерөнхийлөгч Тхыонг намын дүрэм зөрчсөн, олон түмний санаа бодол, нам, төр хийгээд өөрийнх нь нэр хүндэд нөлөөлсөн дутагдлууд түүнд байсан гэсхийгээд огцорсон шалтгааныг мэдэгдэлдээ тодорхой дурдалгүй өнгөрөөсөн юм. Залилан мэхэлсэн, хахууль авсан гэх хэрэгт түүнийг буруутгасан бөгөөд уг хэргийг 10 гаруй жилийн өмнө илрүүлсэн ч цагдаа нар чухам сая л түүнд идэвх гаргаж хандсан байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны ард улс төрийн сэдэл байгаа юм биш биз гэх хардлага төрүүлэх болжээ. Во Ван Тхыонг бол ерөнхий нарийн бичгийн даргаар 13 жил ажиллаж буй Нгуен Фу Чонгийн гарын хүн. Чонгийн нас бараг 80 хүрч буй, биеийн тамир тэнхээ муудсан. Түүнийг 2026 онд болох их хурлаар ажлаа өгнө гэж хүлээж буй. Тхыонг явснаар Чонгийн байр суурь суларчээ.
Хатагтай Чыонг Ми Лан
Вьетнамын “Van thinh phat” хэмээх томоохон компанийн захирал 67 настай хатагтай Чыонг Ми Ланд санхүүгийн гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө шүүх цаазын ял оноолоо. Энэ эмэгтэйг 304 их наяд донг (12.5 тэрбум ам.доллар) “Saigon Commercial bank” (SCB)-аас зээлээр авсан хэрэгт буруутай гэж үзсэн. Түүний учруулсан нийт хохирол 27 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд хулгайлсан мөнгөний ядаж нэг хэсгийг нь төлүүлэхийн тулд дарамт шахалт үзүүлэх зорилгоор уг ялыг оноосон ч Чыонг буруугаа хүлээлгүй, доод хүмүүстээ тохохыг хичээж байгаа аж. Хэвлэлд мэдээлснээр мэдүүлэг авахаар 2700 хүнийг дуудаж, улсын 10 прокурор, 200 орчим өмгөөлөгч ажиллаж байна. Түүнтэй хамт 85 хүн шүүхийн шийдвэр хүлээж буй гэнэ.
Чыонг нь Хонконгийн бэлтэй бизнесмений гэргий юм байна. Нөхөр нь одоо бас шалгагдаж буй. Тэдний хийсэн хэргээс 42 мянга орчим хүн хохирол амсжээ. Түүний мэдэлд байсан 1000 гаруй үл хөдлөх хөрөнгийг хурааж, Чыонг болон түүний нөхөд булхай луйвраа нуух гэж төрийн ажилтнуудад өгсөн хахууль 5.2 сая ам.доллар хүрсэн нь Вьетнамын түүхэнд томоохонд орж байна хэмээн эрх баригчид мэдэгдэв. Гуравдугаар сарын 5-нд эхэлж төлөвлөснөөсөө эрт дууссан шүүхийн үйл ажиллагаа нь Нгуен Фу Чонг олон жил амлаад одоогоор гойд үр дүнд хүрээгүй ч хахуультай тэмцэх ажлынх нь нэг хэсэг байлаа.
Чыонг Ми Лан нь хятад-вьетнам гэр бүлээс гаралтай, тэдний амьдарч байсан Сайгон гэж нэрлэж асан, Хошимин хот Өмнөд Вьетнамын нийслэл бөгөөд тус улсын эдийн засгийн зүтгэгч хүч байв. Чыонг зах дээр эхийн хамт гоо сайхны бараа зарж бизнесийн гараагаа эхэлж, 1986 онд КН эдийн засгийн өөрчлөлтийг эхлүүлсний дараа газар, үл хөдлөх хөрөнгө борлуулах болжээ. 1990-ээд он болоход тэрбээр хэд хэдэн зочид буудал, зоогийн газартай болсон байв. 2011 онд том биш гурван банкийг нийлүүлж “Saigon Commercial bank” (SCB)гэдэг томоохон бүтэц бий болгохыг түүнд зөвшөөрчээ. Аль ч банкны хувьцааны таваас илүү хувийг хувь хүн эзэмшихийг Вьетнамд хуулиар хориглодог атал Чыонг SCB-ны хувьцааны 90 гаруй хувийг хянадаг болчихсон байж. 2019 оны хоёрдугаар сараас гурван жилийн хугацаанд Чыонг жолоочоороо банкнаас 108 их наяд донг (дөрвөн тэрбум гаруй ам.доллар) бэлнээр авхуулжээ. Том дэвсгэртээр авсан энэ мөнгөний жин хоёр тонн орчим болсон гэдэг. Авлига, хахууль газар авснаас ард олны дургүйцэл КН-ын эрх мэдэлд аюул учруулах боллоо гэж Нгуен Фу Чонг үзэж байна. 2016 оноос авлигын эсрэг хийсэн түүний тэмцлийн үр дүнд огцорсон төрийн албан тушаалтнууд дээр Вьетнамын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг ийнхүү нэмэгджээ. Вьетнамын бизнес, улс төрд толгой цохиж байсан нөлөө бүхий хүмүүс энэ эмэгтэйг хамгаалж, халхавчилсан гэж АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан, Вьетнамд ажилласан их туршлагатай Дэвид Браун дүгнэжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант