ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад айлчлаад буцлаа. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Британийн харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд чиглэсэн замын зураглалд гарын үсэг зурсан юм. Замын зураглалдаа худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхав.
Хэлэлцээний үеэр хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, цахим засаглал, геологи зэрэг салбарт өргөжүүлэхээр тохиролцсон бөгөөд талууд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээлэл солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж буй аж. “Газрын ховор элемент бүхий ашигт малтмалын салбарт хамтарч ажиллах саналыг цөөнгүй орноос манайд тавьж ирсэн. Британийн хувьд бидэнд ямар давуу тал санал болгох вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад сайд Дэвид Камерон “Бид ил тод байдлын, авлигатай тэмцэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг бүрэн хүртэх баталгааг хангахуйц өндөр стандарт баримталдаг. Тиймээс Британи бол сайн түнш гэж хэлмээр байна. Сонголт та бүхний гарт байгаа ч бид нэг нь байх боломжтой гэдгээ илэрхийлмээр байна” хэмээн хариулсан юм.
Мөн Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, ИБУИНХУ-ын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Британийн геологийн албаны захирал Карэн Хангхож нар гарын үсэг зурав. Үүний хүрээнд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээлэл солилцох, хүний нөөцийг сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг бүрдүүлж буй гэнэ.
Айлчлалын хүрээнд сайд Дэвид Камерон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт 23 дугаар сургуулиар зочлон, “Pear¬son” англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан. Уг хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршсан бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх сургуулийн 5-6 дугаар ангийн 140 мянга орчим хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд “Pearson” хөтөлбөрийг судлах сурагчдын тоо нэмэгдэнэ. Боловсролын ерөнхий хуулийн дагуу ирэх есдүгээр сарын 1-нээс гуравдугаар ангийнхан англи хэл судлах бөгөөд багш нарыг нь бэлтгэх, давтан сургах юм. Эл хөтөлбөрийн хүрээнд Британийн талаас гурван жилийн хугацаанд 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Гадаад хэргийн сайд нь илэрхийлэв.
Ерөнхийлөгчид бараалхах үеэр тэд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон бол Засгийн газрын тэргүүнтэй уулзах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.