ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг саатуулсан тухай ОХУ-ын Мөрдөн байцаах хороо дөрөвдүгээр сарын 23-ны орой мэдэгдэв. Түүнийг онц их хэмжээгээр хээл хахууль авсан гэсэн зүйл ангиар шалгаж байна.
Ивановыг яг хэзээ саатуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч зарим эх сурвалжуудыг мэдээлж буйгаар баривчлах үед Иванов хамгаалагчидгүй байсан тул түүнийг Кремльд эсвэл тусгайлан зохион байгуулсан хурал дээр саатуулсан байх магадлалтай.
Учир нь Дотоод хэргийн яам ч, Холбооны мөрдөх товчоо ч Ивановыг баривчлах эрхгүй байсан бөгөөд хэн нэгэн нь түүний эрх чөлөөг нь хязгаарлах гэсэн тохиолдолд хамгаалагчид нь шууд гал нээх эрхтэй байв.
Үүнээс үүдэн дэд сайдыг баривчлах тушаалыг хамгийн “дээрээс” өгсөн байх гэсэн таавар явж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын сэтгүүлчдэд мэдэгдсэнээр Батлан хамгаалахын дэд сайдыг саатуулсан тухай Владимир Путинд мэдэгджээ.
Мөн "Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд мөн урьдчилан мэдэгдсэн" гэж Песков хэлэв.
Батлан хамгаалах яам одоогоор энэ талаар тайлбар хийгээгүй байна.
Тимур Иванов бол Сергей Шойгугийн багийн хүн юм. Тэрбээр 2016 оноос хойш Батлан хамгаалахын дэд сайдын албыг хашжээ.
Иванов Батлан хамгаалахын дэд сайдын хувьд яамны барилга байгууламж, цэргийн моргейжийн барилга байгууламж, сэргээн босголт, их засварын ажлыг удирдаж, Оросын Зэвсэгт хүчин, эд хөрөнгийн менежмент, цэргийн ангиудын орон сууц, эмнэлгийн тусламжийг хариуцаж байв.
Олон судлаачдын таамаглаж байгаагаар бол Ивановын баривчилгаа Батлан хамгаалахын сайд Шойгуд өгч буй дохио байж болох юм.