УИХ-ын сонгуульд оролцох, эсэхээ нам, эвслүүд энэ долоо хоногт багтаан илэрхийлэх бол нэр дэвшигчдийг ирэх сарын 15-20-нд тодруулна. Сонгуульд нэрээ дэвшүүлж, 126 гишүүний нэг болох, эсэхээ үзэх хүсэлтэй хүмүүс хуулийн ерөнхий шаардлагыг биелүүлэх учиртай. Тодруулбал, Монгол Улсын иргэн, 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхийн ял, шийтгэлгүй байх зэрэг нийтлэг шаардлагыг нэр дэвшигчдэд тавьдаг билээ. Холбогдох шаардлагыг хангасан нөхцөлд СЕХ-ноос тэднийг албан ёсоор бүртгэж, үнэмлэх олгодог. Энэ тухай шийдвэрээ тус хорооныхон зургаадугаар сарын 1-ний дотор гаргах юм.
Тэгвэл дээрх нийтлэг шаардлагаас гадна нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3.1-т заасны дагуу банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх шаардлагыг хангах ёстой. Энэ тухай лавлагааг Дээд шүүхээс олгохоор хуульд заажээ. Тиймээс Дээд шүүх энэ сарын 22-ноос хуулийн эл хэсэгт хамаарах лавлагааг олгож эхэлсэн байна. Сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй, намаасаа “виз”-ээ авсан бүх хүн уг лавлагааг авна. Өр ширгүй тухай лавлагаагаа авахын тулд иргэний үнэмлэх, сонгуулийн аль тойрогт өрсөлдөх гэж буйгаа илэрхийлсэн нэр дэвшигчийн өргөдөл, сүүлийн 10 жил байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг материал бүрдүүлэн Дээд шүүхэд хандах юм байна.