УИХ-д намын бүлэг байгуулах одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалахыг “Нээлттэй нийгэм форум” болон нэр бүхий судлаачдаас хууль тогтоогчдод сануулж байна. Өдгөө УИХ-д найман гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй байгаа бөгөөд парламентаар хэлэлцэж буй УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол бүлэг бүрдүүлэхээр тусгасан. Энэ нь 126 гишүүний 10 гаруй хувь нь нэг бүлэг байгуулах босго тавих гэж байгаа хэрэг. Хэрэв хүчин төгөлдөр үйлчилж байгаа зохицуулалтыг хэвээр үлдээж, наад зах нь найман гишүүн бүлэг байгуулахаар баталбал шинэ парламентад бүлэг байгуулах босго 6.3 хувь болж буурах юм. Буурна хэмээсэн нь учиртай. Уг нь өдгөө ч бүлэг байгуулахад 10 хувийн босго үйлчилж буй.
Хууль тогтоох үйл ажиллагаа болон гүйцэтгэх засаглалыг хянах боломжийг энэ мэт заалтаар нээж, шинэлэг зохицуулалт оруулах гэж байгаа бол үүнийг гардан хэрэгжүүлэх бүлэг байгуулах босго, хязгаарыг зайлшгүй эргэж харах ёстой. Үгүй бол өнөөгийн эрх баригчид хоёр нүүр гаргаж, хуурч буйгаас өөрцгүй.
76 гишүүнтэй парламентад найман суудалтай нам, эвсэл бүлэгтэй байх эрхтэй байгаа нь нийт бүрэлдэхүүний 10.5 хувьтай тэнцэх үзүүлэлт шүү дээ. Гэхдээ энэ нь бусад улс орон, дэлхийн жишигтэй харьцуулбал өндөр босго аж. Тухайлбал, Канадын парламентын доод танхимд эл зохицуулалт 3.6, Германы Бундестагт тав, Эстонийн парламентад 4.9, БНСУ-ын Үндэсний ассамблейд 6.6 хувьтай байна. Иймд өнөөгийн эрх баригчид өмнөх жишгээ баримтална гэж зүтгэх бус, өөр өнцгөөс харж, сөрөг хүчнийг сөрөх биш, дэмжих зохицуулалт үлдээж чадах, эсэхийг харъя.
Үнэндээ парламентад бүлэгтэй байна гэдэг нь найм, эсвэл 12 гишүүний нэгдэл төдий зүйл биш. Цаана нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үүний тулд хууль тогтоох үйл явцын бүхий л шатанд оролцох, гишүүд, дэмжигчдийнхээ байр суурийг илэрхийлэн, эрх баригч, олонход өөрсдийн бодлого, зарчмаа итгүүлэн үнэмшүүлэх замаар шийдвэр гаргахад нөлөөлөх, буруу, булхайг нь хэлж, илчлэн, хяналт тавих эрхээ бүлэгтэй гишүүд л бодитой хэрэгжүүлэх боломжтой. Нийгэм, олон нийтийн анхаарал татаж буй олон асуудлаар сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх, эрх баригчдын хүч түрэн шийдэх гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоодоггүй юм гэхэд тухайн зүйлд ард түмний анхаарлыг хандуулахын тулд завсарлага авах ч эрхгүй болно.
Адаглаад л санхүүгийн болон захиргааны нэмэлт дэмжлэгийг бүлэгт л олгодог. Тухайлбал, бодлогоо боловсруулахад зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй ажлын албыг зөвхөн бүлэг л байгуулах эрхтэй. Одоогийн хуулиар тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү, хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош бол 12 хүртэл ажилтан тус албанд хүчин зүтгэх ёстой. Жишээ нь, өнгөрсөн сонгуулиар МАН-аас 62 гишүүн сонгогдсон. Өдгөө тус намын бүлгийн ажлын алба 31 ажилтантай үйл ажиллагаа явуулж буй. Харин АН-ын бүлэг 11 гишүүнтэй бөгөөд ажлын албанд нь 12 хүн үүрэг гүйцэтгэж байна. Шинэчилсэн найруулгын төсөлд бүлгийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 32 байхаар тусгаж. Ингэхдээ 64-өөс доош гишүүнтэй бүлгийн хувьд хоёр гишүүний дунд нэг ажилтан байх, хэрэв гишүүдийн тоо сондгой бол нэгээр нэмж тооцон нийт орон тоог тогтоох гэнэ. Ямартай ч эрх баригч, сөрөг хүчин байхаас эс хамааран ажлын албаныхан нь нам, эвслийнхээ хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлэх, аль болох үр нөлөөтэй ажиллахад нь туслах том хүч, дэмжлэг болдог.
Цаашлаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр бүлэггүй гишүүд шагайх ч эрхгүй. Уг зөвлөл нь өдгөө байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулах, хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, парламентын төсөв болон бусад зүйлийн талаар зөвшилцөх зэрэг эрх, үүрэгтэй. Мөн УИХ дахь цөөнхийн бүлэг хууль тогтоох байгууллагыг удирдахад оролцох өөр нэг боломж нь дэд даргын албан тушаал. Цөөнхийн бүлгийн тоогоор УИХ-д дэд дарга сонгож ирсэн. 2012 оны сонгуулиар байгуулсан парламентад гурван бүлэг ажиллаж, мөн тооны дэд дарга сонгосныг санаж буй биз ээ. Үүнээс гадна хуулийн дагуу сөрөг хүчнээс удирдлагыг нь томилдог Төсвийн зарлагын хяналтын дэд хороог олонход алдана гэсэн үг. Уг нь УИХ-ын гишүүдийн өөр хэнтэй ч хуваалцдаггүй онцгой бүрэн эрх болох төсөв батлах үйл явцад зарлага талд нь тус дэд хороогоор дамжуулан хяналт тавих боломж бий.
Өнөөдрийг хүртэл байгуулагдсан найман парламентад ердөө нэг л удаа гурван бүлэг ажилласан нь дээрх босго хэт өндөр буйтай ч холбоотой байх талтай. 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулсны үр дүнд АН 34, МАН 26, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авсан түүхтэй. Харин 1996, 2004, 2008, 2016, 2020 онд буюу таван удаагийн парламентад АН, МАН л бүлэгтэй байж. 2016 оны сонгуулиар гэхэд АН-аас есөн гишүүн сонгогдож, сөрөг хүчний бүлгийг дөнгөн данган байгуулсан юм. Гэвч тэд бүрэн эрхийн хугацаа дуусах алдад бүлэггүй болох хэмжээнд тарж, бутарсан байв. Бүлэггүй болсноор тэд МАХН-ын “ганц дайчин” О.Баасанхүү гишүүнээс илүү гарах зүйлгүй үлдсэн юм даг. Бие дааж сонгогдсон С.Жавхлан гишүүн шиг байр суурь, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдааны индэр дээрээс хэлэхийг мөрөөдөхөөс цаашгүй хоцорсон түүхтэй.
Энэ нь АН-ын бүлэг задарсан анхны түүх ч бас биш л дээ. 2004 оны сонгуулийн дүнгээр МАХН (одоогийн МАН) 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35, БНН нэг суудал авч, бие даан нэр дэвшсэн гурван хүн сонгогдсон. Гэвч АН, Эх орон нам, ИЗН, Үндэсний шинэ намын бүрдүүлсэн “Эх орон-Ардчилал” эвсэл мөн оныхоо арванхоёрдугаар сард буюу сонгуулиас хойш төд удалгүй тарсан юм. Улмаар АН болон ИЗН-ын 26 гишүүн МАХН-ын бүлэгт саналаараа нэгдэн ажилласан. Гэсэн ч 2005 оны долоодугаар сард МАХН-ынхан дангаараа ажиллахаар шийдвэрлэсэн байдаг. Уг нь 2004 оны сонгуулиар АН, МАН тун ойролцоо санал авсан ч өрнөсөн үйл явц, төгсгөл нь гунигтай, шоглоомтой. Үүнээс бусдад нь АН албан ёсоор сөрөг хүчний бүлэг байгуулсан ч эрх баригч нам нь гишүүдийн тоогоор илт илүүрхэж байв.
Сануулбал, МАН 2008 онд 45, 2016 онд 65, 2020 онд 62 суудал авсан юм. 1996 онд л МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч, тухайн үеийн МАХН 25 гишүүнтэйгээр цөөнх болж байв. Үүнээс бусдад нь өнөөгийн эрх баригчид 1992 онд 70, 2000 онд 72 суудал авч, дангаар бүлэг байгуулан сөрөг хүчингүй парламентын түүх бүтээжээ.
Нөгөө талаас АН, МАН гэсэн хоёрхон гол тоглогчтой Монголын парламент дахь олонх, цөөнхийн тооны харьцаа холдохын хэрээр хяналт өндөрсөх ёстой ч АН-ынхан энэ үүргээ умартсан нь үнэн. Энэ хэрээр тэд иргэд, сонгогчид, олон нийтийн өндөр итгэлийг алдсан. Ардын намынхан сайндаа бус, АН-ынхны арчаагүй байдал нэг нам нэлээд хугацаанд үнэмлэхүй олонхыг бүрдүүлэхэд нөлөөлсөн гэдэг нь худлаа биш.
Өдгөө хэлэлцэж буй УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд цоо шинэ заалт, зохицуулалт цөөнгүйг оруулсан юм билээ. Тухайлбал, нэгдсэн хуралдаанд үг хэлэх цагийг авсан суудалд нь хувь тэнцүүлэн нам, эвслийн бүлгүүдэд хуваарилахаар тусгасан. Хууль тогтоох үйл ажиллагаа болон гүйцэтгэх засаглалыг хянах боломжийг энэ мэт заалтаар нээж, шинэлэг зохицуулалт оруулах гэж байгаа бол үүнийг гардан хэрэгжүүлэх бүлэг байгуулах босго, хязгаарыг зайлшгүй эргэж харах ёстой. Үгүй бол өнөөгийн эрх баригчид хоёр нүүр гаргаж, хуурч буйгаас өөрцгүй. Тэгээд ч парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэн, олон намын тогтолцоог дэмжиж, ардчиллыг туйлбартайгаар бэхжүүлье гэж байгаа бол бүлэг байгуулахаас эхлэн анхаарал хандуулах шаардлагатай. Ингэж гэмээнэ Үндсэн хуульдаа гар хүрэн байж хэрэгжүүлэх гэж буй парламентын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой суурь өөрчлөлтийн үр дүнг үзэх биш үү.