УИХ-ын ээлжит сонгуулийн ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 29-нөөс буюу ирэх даваа гаргаас зогсоох нь. УИХ-ын сонгуулийн тухай хуульд эл шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоохоор заасан байдаг. Улмаар санал хураалтын өдрийн маргааш буюу зургаадугаар сарын 29-нөөс сэргээх юм.
Түүнчлэн уг хуульд сонгогч шилжихтэй холбоотой зохицуулалт бий. Тодруулбал, сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч сонгогчийн шилжилт хийлгэх юм. Ингэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэх зохицуулалттай. Мөн нэр дэвшигч болон менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөөд шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогч шилжилт хийлгэж болно. Нэр дэвшигч нь өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан билээ.