Ийм нэртэй олон ангит “инээдмийн кино” цацагдаад эхэлчихлээ. Сонгууль хүртэл бид эл цувралын хэд хэдэн ангийг үзэх болно. Улс төрд тавилга мэт болчихсон хүмүүс өнгөрсөн хугацаанд хэрэгтэй ажил бараг хийгээгүй атлаа л шилдэг, мундаг түшээ мэтээр өөрсдийгөө сурталчилсан нэвтрүүлгүүд цацаж эхлэв. Ингэхдээ ард түмэнтэйгээ хэчнээн ойрхон, эгэл нэгэн гэдгээ харуулах гэж хичээдэг юм. Ялангуяа орон нутагт нэр дэвших улс төрчдийн нэвтрүүлгийн хэлбэр ижил, нэг тийм уянгын халилтай. Мөр холбон шүлэглэсэн текст заавал хавчуулна, тэр тусмаа эхлэл хэсэгтээ. Хөөмий, морин хуурын ая дэвсэн, уудам сайхан хөдөө нутаг, мал сүрэг харуулсан дүрслэл хөвөрнө. Тэгснээ дээлээ өмссөн, “эгэлхэн” төрхтэй улс төрч дэлгэцнээ тодорно. Малчидтай ярилцаж, инээд хөөр болж, ишиг, хургаа тэвэрнэ, үнсэнэ. Нийслэл, төв суурин газарт горилогчдын хувьд ажил хэрэгч, эсвэл спортлог, эрүүл чийрэг гэсэн дүр төрх бүрдүүлнэ. Хурал цуглааны дүрс өгнө, завгүй, хөдөлмөрчийг нь харуулна. Эсвэл гүйж харайн, төмөр өргөнө. Үнэндээ сурталчилгааны чинь хэлбэр хэтэрхий улиг болжээ, улс төрчид өө. Хүмүүс үзээд гайхаж бишрэх биш, залхаж, шоолоод байна. Өөрийгөө бодит байдлаас хэт алсруулан дөвийлгөж буйг нь харахад хөх инээд хүрнэ. Шинэ үеийн залуус нь арай өөрөөр сэтгэх болов уу гэтэл яг л ах, эгч нарынхаа энэ арга барилыг хуулаад байгаа нь бүр ч өрөвдмөөр.
“10 ХУВИЙН” Ц.ДАВААСҮРЭН “МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ”-Д БАГТАВ УУ
Манай сонины “Сонгож болохгүй улс төрч” буланд нэрлүүлсэн хүмүүсийн нэг нь Ц.Даваасүрэн. Тэрбээр 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй дөрвөн удаа сонгогдоод буй, эдүгээ Барилга, хот байгуулалтын сайдын “давхар дээл”-тэй нэгэн. МАН түүнд нөхөж баршгүй өртэй мэт л хүссэн “суудал”-ыг нь өгдөг. Гишүүн болохоосоо өмнө тэрбээр Төрийн санг удирдаж байх хугацаандаа тендер будилаантуулж, аль нэг талд нь давуу байдал үүсгэн, гүйцэтгэгчээр шалгарсан хүмүүст олгосон санхүүжилтийнхээ 10 хувийг авдаг байсан гэдэг. Тиймээс л ийм хочтой болжээ. Ийм нэгэн будилааны эзэн яагаад ч юм “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орчихсон “тууж” явна. Улс орондоо хийж бүтээсэн гавьяатай, нэр цэвэр, ёс зүйтэй, хүндлэл хүлээсэн хүмүүс л уг нь энэ нэвтрүүлэгт оролцдог гэж ойлгож байв. Сонгууль дөхөхөд нэвтрүүлгийн мөн чанар, агуулга, брэнд нэр хамаагүй болдог аж. 16 жил хууль тогтоох байгууллагад ажиллахдаа иргэдийн амьдралд хэрэг болохоор олигтойхон ганц хууль ч санаачлан батлуулаагүй, ёс зүйгүй, шантаажчин улс төрч мөнгөө төлсөн л бол хэн ч болж “хувирдаг”-ийг бид харж байна. Эсвэл дээрх нэвтрүүлгийн хэсэгтэй хольж эвлүүлсэн үү. Үнэхээр уг нэвтрүүлэгт оролцсон бол удахгүй бүх л телевизээр бид үзнэ. Юутай ч тэрбээр Орхон, Булган аймгийн иргэдийг “тойлж” эргээд явааг цахим хуудаснаас нь харж болохоор байна. Яаж ч уянгалсан Ц.Даваасүрэнг сонгох уу, үгүй юү гэдгээ бүсчилсэн дөрөвдүгээр тойргийн сонгогчид болох Орхон, Булган аймгийнхан тунгаах биз ээ. Хөвсгөлчүүд бол энэ хүндээ их “хайртай” бололтой.
СЭТГЭЛЭЭСЭЭ АСААСАН АМЬДРАЛААС СИЙРҮҮЛЖ БИЧСЭН НОМ...
Удаах уянгын халилыг гишүүн Д.Өнөрболорын тухай нэвтрүүлгээс харж болно. Тэрбээр бор дээл өмсчихсөн, хадны ирмэг дээр нүдээ анин талимаарч суугаа хэдэн секундийн дүрс нийгмийн сүлжээгээр хэсэг цацагдлаа. Текст нь бүр “гоё”. “Хатан Хулангийн ухааны маргааш болж төрсөн, Хараа, Ерөөгийн хөвөөнд тоглон цэнгэж өссөн, Сэлэнгийн унаган охины сэтгэлээсээ асаасан амьдралаас сийрүүлж бичсэн номыг уншаад, Сэлэнгээ би дууллаа”. Магтах гээд л хичээгээд байгаа санаа. Уг найраглалыг нь яруу найрагч Ч.Алтантүлхүүр гэдэг хүн бичсэн тухай гишүүн фэйсбүүктээ тайлбар бичиж, бичлэг оруулсан байна лээ. Бүтнээрээ бол Сэлэнгэ нутгаа, гол мөрнөө магтсан агуулгатай аж. Гэвч гишүүнд зориулсан хэсэгхэн мөрт нь нэг ийм “сонгууль үнэртсэн” өнгө аястай байгаа юм. 2019 онд буюу өмнөх сонгуульд нэр дэвшихэд нь зориулж хийсэн нэвтрүүлгээ өдийд цацсан бололтой юм билээ. Юутай ч Д.Өнөрболор гишүүний хадны ирмэг дээр “эморч” суугаа бичлэгийг нийгмийн сүлжээнд хүмүүс “Солиот эх” киноны гол дүртэй зүйрлэн ёжилж байгаа харагдсан.
Магтах гээд “матарлаад” байдаг нэг ийм гэм манай улс төрчдийн пиар багт бий. Гоё гоё үг холбочихвол л болчихдог юм бас биш. Үг бол амьтай, хаана хэрхэн хэрэглэхээс тухайн хүнийхээ тухай зөв ойлголт өгөх, эсвэл бүр нэр хүндийг нь унагах, эсэх хамаардаг билээ.
КОСТЮМТАЙ ХАШАА УГААНА
Албан хослолтой хашаа угааж буй нэгний зураг мөн л нийгмийн сүлжээнд тарав. Улс төрчид, сонгуульд горилогчид хүүхдүүдтэй хамт тэвэг өшиглөж, хурга, ишиг тэврэн зургаа татуулна, гудамжинд нүүрс шуудайлна, түлээ ч хагалж мэднэ. Зудыг далимдуулан манай улс төрч эрхмүүд хэрхэн жүжиг тавилаа даа. Цасанд сууж, унтарсан машин маниулдаж, ганц хайрцаг хүнс гардуулснаа нийгмийн сүлжээгээр зарлахаас эхлээд шоу үргэлжилсээр байна. Ажил хийж харагдах гээд байгаа бол орчин нөхцөлд нь тааруулж хувцаслах тухай олон нийт ч байнга л сануулдаг, шүүмжилдэг. Гэвч үүгээрээ пиар хийх санаа гэнэт л төрдөг бололтой юм. Хувцсаа сольж амжихгүй байгааг нь өөрөөр яаж тайлбарлах билээ.
Улс төрчдийн ааш аяг уясаад л, чих зөөлрөөд л, “сайхан” цаг үе ирж байна. Харин сонгууль дууссаны дараа тэд биднийг мартана. Төрийн ордонд ярилцлага авах хүсэлт тавьсан сэтгүүлчдээс зугтана. П.Анужин гишүүн сэтгүүлчээс хэрхэн зугтаж байгаа тухай iSee.mn сайтын бичлэгийг бид харлаа. Бас тэрбээр нэгэн сэтгүүлчид “Урьдчилж цаг авсан уу” хэмээн “томорсон” гэсэн. Ярья гээд ч асуудлаа мэддэггүй, дөрвөн жилийн турш “судалгаа хийдэг”, эсвэл эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхол, бизнесээ өөд татахад ашигладаг ёс зүйгүй улс төрчид одоо хайлсан тугалга мэт болчихсон яваа. Зөөлөн дуугаар ухаантай зүйлс ярьж, эгэл түмний амьдралыг мэддэг мэт авирлана.
АМЛААГҮЙ, НЭР ДЭВШИХЭЭ ЗАРЛААГҮЙ Л БОЛ ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ
Сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй байна. Нам, эвслүүд сонгуульд оролцохоо энэ сарын 28 гэхэд илэрхийлж, нэр дэвшүүлэх үйл явц тавдугаар сарын 14-20-нд өрнөнө. Тэр үед албан ёсны нэр дэвшигчид тодорно гэсэн үг. Гэвч аль хэдийн “виз”-ээ авчихсан улс төрчид дээр дурдсан шиг өөрсдийгөө сурталчилсан нэвтрүүлэг хэдийн хийлгээд, түрүүчээсээ цацаад эхэлсэн байна. Тэгвэл энэ бүхэн нь Сонгуулийн хууль зөрчих үү. Уг хуулийн 48 дугаар зүйлд хууль бус суртал чилгаатай холбоотой харилцааг зохицуулсан. Үүгээр мөнгө, байгалийн баялаг, ажилд зуучлах гэх мэт амлалт өгөх, үнэгүй үйлчилгээнд хамруулах, хэвлэл мэдээлэл, цахим орчин ашиглан рейтинг тогтоох зэргийг хориглосон юм. СЕХ-ноос энэ талаар лавлахад “Сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ил тод зарлаж, ямар нэг амлалт өгсөн зүйл ярьж болохгүй” гэв. Өөрөөр хэлбэл, ямар нэг амлалт өгч, мөнгө, эд зүйлс тараагаагүй л бол өөрийгөө танилцуулсан “энгийн” нэвтрүүлэг хийж цацах нь хууль зөрчихгүй аж. Хэрэв улс төрч, горилогчдын дээрх нэвтрүүлгийг сурталчилгаа хийж байна гэж үзвэл Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж болох юм билээ. Эдгээр байгууллага тухайн горилогч сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулсан, эсэхийг шүүнэ. Харин СЕХ-ны хариуцах асуудал биш гэнэ.
Санал авах өдрөөс 17 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Тэр хүртэл горилогчдод боломж нээлттэй хэвээр байж, сонгуулийн элийрлийн ээлжит ангиудаа үзэхэд сэтгэл зүйгээ бэлдэж л байя. Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, гэмт хэрэгтэн биш хэн ч нэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй. Гэхдээ 126 гишүүний нэг болох хүсэлтэй олон горилогчийн элдэв мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, хийсэн ажил, ёс зүйн доголдол, хууль бус үйлдэл гаргасан, төрийн бодлого батлалцах мэдлэг, чадвартай, үгүйг нь нягталж байж сонголтоо хийх нь бидний асуудал юм.