Турк улсын Анталья хотын ойролцоо өнгөрөгч баасан гарагт агаарын дүүжин тээврийн систем доголдож, нэг хүн амиа алдаж, 10 хүн бэртжээ. Тодруулбал, тэнгисийн эрэг дээрх “Конялти” наран шарлагын газрын ойролцоо уг осол гарсан юм байна. Дотоодын болон гадаадын жуулчдыг тээвэрлэдэг байсан дүүжин тээврийн систем доголдсоны улмаас нэг бүхээг задарч, зорчигчид нь хадархаг хэсэгт унажээ. Дүүжин тээврийн бүхээгээс 200 гаруй зорчигчийг аврах ажиллагаа 23 цагийн турш үргэлжилжээ. Уг дүүжин тээвэр нь тус бүрдээ зургаан хүний багтаамжтай 36 ширхэг бүхээгтэй гэнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр 174 зорчигчийг баасан гарагт амжилттай аварсан. Харин үлдсэн 43 зорчигчийг бямба гаргийн үдээс хойш аварсан гэлээ.
Бэлтгэсэн У.Цэцэг