УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас буцаагаад байна. Мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлсэн бүх нам, эвсэл эхний шатандаа 100 хувь бүдэрсэн нь анхны тохиолдол биш аж. 2020 онд ч ийм явдал болсон юм билээ. Энэ удаа 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар аудитын байгууллагад хандсан байв. УИХ-ын сонгуулийн хуулийн 38.5 дахь хэсэгт “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн, эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа, эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” гэсэнтэй нийцээгүй учраас бүгдийг нь буцаасан байна.
АН ч, ХҮН ч парламентад суудалтай нам. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх үед ч оролцоод л явж байсан. Тэр үедээ зүүний хүчний намын бодлогыг бусдад тулгах нь гэдгийг яагаад олж харсангүй вэ, яагаад өөрчлөх гэж оролдоогүй билээ. Тэдэнд хангалттай цаг хугацааны боломж байсан. Гэтэл хийгээгүй, нягтлаагүй атлаа одоо ҮАГ-аас хөтөлбөрийг нь буцаамагц хуулиа гэнэт уншив уу, яав. Улс төрийн хүчнийхэн өөрсдөө үнэхээр хайнга юм.
Хуульд тусгасан урт хугацааны хөгжлийн бодлого нь МАН-ын баталсан “Алсын хараа-2050” хөтөлбөр юм. Зүүний үзэл баримтлалтай тус намынхан үнэмлэхүй олонх байхдаа баталсан баримт бичгээ хуульчилсан нь энэ. Гэтэл баруун, төвийн гээд олон өөр үзэл баримтлалтай нам бодлогоо үүнд нийцүүлэн “зүүнчлэх” ёстой болсон байх нь.
ӨӨРИЙНХӨӨ БАТАЛСНЫГ ӨӨРӨӨ ЗӨРЧИВ
МАН-ынхан 2016 оноос эхлэн хоёр удаагийн сонгууль дараалан үнэмлэхүй олонхоор эрх барьж буй. Тэд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2020 оны тавдугаар сард баталсан юм. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сард УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өмнө дурдсан заалтад өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл, холбогдох хуулиудад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого бол “Алсын хараа-2050” гэдгээ баталгаажуулсан гэсэн үг. 100 гаруй жилийн түүхтэй уг нам УИХ-ын бүх сонгуулийг алгасалгүй оролцсон, Сонгуулийн тухай хуульд байгалийн баялгаас хувь хишиг хүртээх, элдэв амлалт өгөх, мөнгө сэлт тараахыг хориглох заалтыг ч тэд мөн хэлэлцэн баталсан. Тэгсэн атлаа л өөрсдийнхөө баталсан хөгжлийн бодлого, холбогдох хуульд нийцүүлсэн мөрийн хөтөлбөр боловсруулж “бараагүй” байх нь. Тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 67 зүйл, заалт хуульд нийцээгүй хэмээн ҮАГ үзсэнийг ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь хэлсэн. Мөн тэрбээр “Ажлын байр нэмэгдүүлэх болон мөнгө амласан зүйл заалт байна, үүндээ тодотгол хий гэсэн” хэмээн ярьсан билээ. Мэдсээр байж амлалт өгч, ийм том, туршлагатай нам атлаа хэрэгжүүлэх зорилт, хөтөлбөрийн тооцоон дээрээ “алдсан” хэрэг. Уг нь баталсан бодлогоо хамгийн сайнаар хэрэгжүүлж, ямар ч өөгүй сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулаад бардам зогсож байх ёстой баймаар. Гэвч ийнхүү “хайнга” ханджээ. Тэд ҮАГ-аас өгсөн засвар, тодотголын дагуу дээрх 67 зүйл, заалтаа өөрчлөөд ирэх даваа гарагт дахин хүргэх юм билээ.
ХҮЧИЛСЭН НЬ
АН-ынхан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Амлалт биш, ажлын төлөвлөгөө” хэмээн тодотгож буй. Тус намын хөтөлбөр нь нийт 900 заалттай юм байна. “Уг хөтөлбөрийг боловсруулахын тулд Монгол орноо долоон удаа тойрч, иргэд, гишүүд, дэмжигчдээсээ санал авсан. Мөн 36 ТББ-ын саналыг сонссон. Ажлын төлөвлөгөө болгон боловсруулсан бидний хөтөлбөрөөс ҮАГ-ынхан 60 заалт буюу 6.4 хувийг нь буцаалаа. Тэгэхээр үлдсэн 93 хувь нь нийцсэн гэсэн үг. 60 заалтыг буцаасан шалтгаан нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцээгүй гэж үзсэнтэй холбоотой. Сонгуулиар бүх намд ижил, тэнцүү гараанаас өрсөлдөх нөхцөл олгох ёстой байдаг. Гэвч зүүний үзэл баримтлалтай намын боловсруулж, хуульчилсан бодлоготой биднийхийг нийцүүлэхийг шаардаж буй нь зүй бус юм. Онцгой байдлын салбарт л гэхэд бид алба хаагчдын ар талын найдвартай байдлыг хангах, цалинг нь сайжруулах, амийг хамгаалах тухай гурван заалт хөтөлбөртөө тусгасан байсан. Гэтэл үүнийг “Мөнгө тарааж, амлалт өгсөн, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах нь” гэж үзсэн байна” хэмээн АН-ын Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын дарга С.Батзаяа мэдэгдэв. ҮАГ-ынхан хуулиа дагаж буйг тэд хэлсэн ч нэг намын үзэл баримтлалыг бусад хүчинд тулгадаг байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
Парламентад ганц суудалтай ХҮН нам мөн л баруун төвийн үзэл баримтлалтай. Бусад гуравдагч хүчний зарим намын зүгээс ч АН-ынхантай санал нэг байгаагаа илэрхийлж буй гэнэ. Дөрвөлжин, гурвалжин, зууван янз бүрийн дүрсийг зөвхөн дугуйд багтаах гээд чихээд байх нь буруу. Ийм л зүйл болоод буй аж.
НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШХИРАВ
Нөгөө талаар АН ч, ХҮН ч парламентад суудалтай нам. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх үед ч оролцоод л явж байсан. Тэр үедээ зүүний хүчний намын бодлогыг бусдад тулгах нь гэдгийг яагаад олж харсангүй вэ, яагаад өөрчлөх гэж оролдоогүй билээ. Тэдэнд хангалттай цаг хугацааны боломж байсан. Гэтэл хийгээгүй, нягтлаагүй атлаа одоо ҮАГ-аас хөтөлбөрийг нь буцаамагц хуулиа гэнэт уншив уу, яав. Улс төрийн хүчнийхэн өөрсдөө үнэхээр хайнга юм. 2020 онд 17 нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлж, бүгд эхний шатандаа бүдэрч байсан юм билээ. Тэгэхээр энэ нь бараг “уламжлал” болчихжээ. Хэдийгээр сонгуульд оролцоход мөрийн хөтөлбөр гэдэг маш чухал баримт бичиг байдгийг мэддэг ч “ҮАГ-аас нэг удаа буцаана, тэгэхээр нь засъя” гэсэн хэт хэнэггүй хандлага ажиглагдаж буй юм. Баталсан бодлогодоо эрх баригч МАН-ын хөтөлбөрийн зарим заалт нь хүртэл нийцэхгүй байгааг өөрөөр хэрхэн тайлбарлах вэ.
2020 онд Сонгуулийн тухай хуулийн 26.3.4- т заасны дагуу ҮАГ-аас намуудын мөрийн хөтөлбөр дэх нийцлийг хянаж байсан юм билээ. Тухайн үед “Алсын хараа-2050”-ийг хараахан батлаагүй байсан учир “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д тусгасан зорилттой нийцэж буй, эсэхийг нь хянажээ. Энэ нь 2015 онд НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд хамтран баталсан, дэлхийн хэмжээний томоохон бичиг баримтад суурилсан бодлого. АН олонх байх үед буюу 2016 оны хоёрдугаар сард баталсан баримт бичиг юм. Глобаль бодлогод суурилсан хөгжлийн баримт бичигтэй байхад ч тухайн үеийн нам, эвслүүдийн хөтөлбөр мөн л зөрчилтэй гарсан байх нь. Энэ удаа бол МАН зөвхөн өөрсдийн баталсан бодлогыг “тулгаснаараа” ялгаатай. Гэвч аль аль тохиолдолд нь намуудын хөтөлбөр “түүхий” л байжээ.
ҮАГ-ын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг хэвлэлд энэ талаар “Бид өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиа баримталж, нийцлийг нь шалгаж байгаа. Намуудын хөтөлбөрт их биш ч ил, далд хэлбэрийн амлалт бас оруулжээ. Ойлгомжгүй заалтууд ч байна. Зарим нэг нам Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдох заалт ч тусгасан байсан” гэсэн тайлбар өгчээ. Энэ сарын 17-ноос өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө ирүүлмэгц тэд дахин дүгнэлт гаргаад СЕХ-нд 26-наас өмнө хүргүүлнэ. Тэр үед “асуудалтай” хөтөлбөртэй байвал сонгуульд оролцох боломжгүй гэсэн үг. Улмаар энэ сарын 26-28-нд нам, эвслүүд сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, хэн нь “тэнцсэн”, цааш өрсөлдөх эрхээ авсан нь тодорхой болох юм.
Тэгэхээр хэсэгхэн “гоншигноод” л ҮАГ-ын зөвлөмж, холбогдох хуулийн дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө засвар хийх ёстой болж байна. Учир нь тэдэнд өөр сонголт үгүй. Нэгэнт баталчихсан хуульд хар дээр цагаанаар биччихсэн шалгуур учраас тэд дагаж мөрдөнө. Харин энэ удаа няхуур хандахгүй бол “хүрд эргүүлэх” боломжоо алдаж, сонгуульд оролцох эрхгүй болно.